Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль (1996)
/Энэ хуулийг 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
[edit]1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
Энэ хуульд заасан дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1/"зам" гэдэгт -тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Цардмал замын хоёр талын шороон зурвас, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна;
2/"замын хөдөлгөөн" гэдэгт -нийтийн хэрэгцээний зам ашиглан ачаа ба зорчигчдыг тээврийн хэрэгслээр шилжүүлэн зөөх, явганаар болон дугуй, ердийн хөсгөөр зорчих үйл ажиллагааг.
3/"тээврийн хэрэгсэл" гэдэгт хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслийг;
/Энэ заалтыг 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4/"тээврийн хэрэгслийн жолооч" гэдэгт тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүнийг;
Дадлага хийлгэж яваа жолоодлогын багш, ердийн хөсөг хөтөлж, унаж яваа хүнийг тээврийн хэрэгслийн жолоочид хамааруулж ойлгоно.
/Энэ заалтыг 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5/"явган зорчигч" гэдэгт -явганаар яваа, хүүхдийн тэрэг түрсэн, чарга чирсэн, мөн жагсаалаар яваа хүмүүс, тахир дутуу хүний дугуй / тэргэнцэр/ -тай болон унадаг дугуй, мопед, мотоциклыг хөтөлж, замаар яваа хүнийг.
6/"тээврийн хэрэгслээр зорчигч" гэдэгт -тээврийн хэрэгслийн бүхээг дотор, эсхүл тэвшин дээр сууж яваа хүнийг;
7/"замын хөдөлгөөнд оролцогчид" гэдэгт -замын хөдөлгөөнд явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож буюу тээврийн хэрэгслээр зорчиж яваа хүмүүсийг;
/Энэ заалтад 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8/"Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах" гэдэгт -зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос учирч болох хохирлыг багасгахад чиглэгдсэн үйл ажиллагааг.
3 дугаар зүйл.Хөдөлгөөний чиглэл
Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна.
4 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний дүрэм
1.Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална.
2.Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн ангилал, тухайн ангилал эзэмших насны хязгаар, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, гудамж, замаар зорчих хөдөлгөөний журам, замын хөдөлгөөн зохицуулах дохио, тэмдэг, тэмдэглэлийн загвар, тодорхойлолт, тээврийн хэрэгсэлд техникийн талаар тавих шаардлага, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн хүлээх үүргийг тусгана.
3.Замын хөдөлгөөний дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүх нийтээр дагаж мөрдөнө.
5 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх
/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан. /
1.Эрүүл мэндийн хувьд тогтоосон шаардлагад тэнцэх, мэргэжлийн зохих бэлтгэл, сургалт хийсэн, 18 нас хүрсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрх авч болно.
2.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах мэргэжлийн шалгалтад орж тэнцсэн хүнд зохих ангиллын үнэмлэх олгоно.
3.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмыг боловсролын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран; жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн; жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам, үнэмлэхийн загварыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.
/Энэ хэсэгт 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 1999 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцож, 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийг Автотээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу бэлтгэнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
6 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийн улсын бүртгэл
1.Монгол Улсад оршиж буй аж ахуйн нэгж, байгууллага, хүмүүс тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор бүртгүүлнэ.
2.Тээврийн хэрэгслийн тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 1999 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцож, 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Дээрх 6 дугаар зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. /
7 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийн тооллого, техникийн улсын үзлэг
1.Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн тооллого, техникийн үзлэгийг тогтоосон хугацаанд хийнэ.
2.Тээврийн хэрэгслийн тооллого, техникийн улсын үзлэг явуулах журмыг автотээврийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсэгт 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 1999 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцож, 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмж, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Дээрх 7 дугаар зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. /
ХОЁРДУГААР БҮЛЭГ - ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ
[edit]8 дугаар зүйл.Авто зам, гүүр, түүний хиймэл байгууламжийг төлөвлөх, шинээр барих, өргөтгөх, засварлах, ашиглахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
1.Авто зам, гүүр, түүний хиймэл байгууламжийг төлөвлөх, шинээр барих, өргөтгөх, засварлахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон улсын стандартыг стандартчиллын төв байгууллага тогтооно.
2.Авто зам, гүүр, түүний хиймэл байгууламжийг төлөвлөх, шинээр барих, өргөтгөх, засварлах ажлыг Монгол Улсад мөрдөж буй замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон техникийн дүрэм, стандартын шаардлагад нийцүүлж гүйцэтгэнэ.
3.Авто зам, гүүр, түүний хиймэл байгууламжийг холбогдох стандарт, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагын дагуу тоноглож, гэрэлтүүлэг, тэмдэг, техник хэрэгсэл тавьсан байна.
4.Монгол Улсын авто замын тэмдэг, тэмдэглэлийн улсын стандартыг стандартчиллын төв байгууллага батална.
5.Замын байгууламж, зорчих хэсгийн гадаргуу, замын гэрэлтүүлэг, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг бүрэн бүтэн байлгаж, эвдэрч гэмтсэн, хэвийн байдал нь алдагдсан тухай бүр тэдгээрийг засаж сэлбэх үүргийг тухайн орон нутгийн хот тохижилт, зам ашиглалтын байгууллага эрхлэн гүйцэтгэнэ.
6.Гал команд, түргэн тусламж, эмнэлэг, авто аж ахуйгаас цэцэрлэг, сургууль, үзвэрийн газар, орон сууцны хороолол тал руу автомашины шууд гарц гаргахыг хориглоно.
9 дүгээр зүйл.Тээврийн хэрэгсэл, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
1.Монгол Улсад үйлдвэрлэх, угсрах тээврийн хэрэгсэл, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл, нэмэлт төхөөрөмж нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад баримтлах стандартын шаардлагыг хангасан байна.
2.Монгол Улсад шинээр үйлдвэрлэх тээврийн хэрэгслийн улсын стандартыг стандартчиллын төв байгууллага тогтооно.
10 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийг ашиглахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
1.Улсын стандартын шаардлагыг хангасан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрнө.
2.Тээврийн хэрэгслийн марк, зориулалтыг холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно.
3.Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу эзэмшигч, эсхүл хууль тогтоомжийн дагуу түүнийг ашиглаж байгаа этгээд хариуцна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ - ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОГЧИД, ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ
[edit]11 дүгээр зүйл.Тээврийн хэрэгслийн жолоочийн нийтлэг үүрэг
Тээврийн хэрэгслийн жолооч дараахь үүргийг хүлээнэ:
1/зөвхөн жолоодох эрхийн үнэмлэхэд зөвшөөрөгдсөн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох;
2/тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг биедээ авч явах;
3/хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн заалт, шаардлагыг чанд сахин биелүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явах;
4/хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй саад замд тохиолдсон үед түүнийг арилгах, өөрөө арилгах бололцоогүй бол холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэх;
5/цагдаагийн алба хаагчийн дохиогоор зогсож жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шалгуулах.
6/зам, тээврийн осол гарсан үед осолд нэрвэгдсэн хүнд тусламж үзүүлэх арга хэмжээ авч цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх;
7/замын хөдөлгөөн бүрэн хаагдсан, осолд нэрвэгдсэн хүнд яаралтай тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд осол хэргийн газраас тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх.
8/жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдах, автотээврийн хэрэгслийг ашиглах үедээ даатгалын баталгааг автотээврийн хэрэгсэлд байршуулах.
/Энэ заалтыг 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
12 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийн жолоочид хориглох зүйл
Тээврийн хэрэгслийн жолоочид дараахь зүйлийг хориглоно:
1/согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
2/тээврийн хэрэгслээ гарааш, хоноглох зогсоолд тавиагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг түр завсарлах үедээ ч согтууруулах ундаа хэрэглэх;
3/стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус, эсхүл тогтоосон журмын дагуу улсын бүртгэл, техникийн үзлэгт ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4/тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхтэй боловч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслээ шилжүүлэн жолоодуулах;
5/тээврийн хэрэгслээр замын хашлага давах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, газрын хөрс, хадлан тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булгийн усанд тээврийн хэрэгслээ угаах, бохирдуулах;
6/тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх буюу шалтгаангүйгээр хэт удаан явах, эсхүл огцом зогсох зэргээр хөдөлгөөн саатуулах;
7/тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио дур мэдэн тавих.
Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журмыг цагдаагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална;
/Энэ заалтад 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8/энэ хууль болон замын хөдөлгөөний дүрмийг зөрчих.
13 дугаар зүйл.Явганаар болон дугуй, ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр зорчигчдын нийтлэг үүрэг
1.Явганаар болон дугуй, ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр зорчигчид нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
2.Явганаар болон дугуй, ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр зорчигчдод дор дурдсан зүйлийг хориглоно:
1/замын хөдөлгөөнд саад хийх;
2/согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэж өөрийн үйлдлийг хянаж жолоодох чадвараа мэдэгдэхүйц алдсан үедээ хөдөлгөөнд оролцох;
3/ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гүйх, зам дээр тоглох, гарцгүй газраар явах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулах, тээврийн хэрэгслээс зүүгдэх;
4/тээврийн хэрэгслийн хүн суухад зориулагдаагүй хэсэг, тэвшнээс дээш гарсан ачаан дээр суух, тэвшин дээр зогсох, хаалга хаах, нээхэд саад хийх, бүрэн зогсоогүй байхад хаалга онгойлгох, буух;
5/замын хөдөлгөөний дүрмийг зөрчих.
14 дүгээр зүйл.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүргийг хүлээнэ:
1/техникийн шаардлагыг хангаагүй, хаягдал утааны найрлага дахь бохирдуулах бодис, утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоосон стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулахаар бүрэн бус, тогтоосон журмын дагуу улсын бүртгэл, техникийн үзлэг тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт, 2010 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2/согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ангилал нь тохирохгүй, эсхүл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх;
3/тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, эзэмшиж буй тээврийн хэрэгслийн марк, хөдөлгүүрийн болон арлын дугаар өөрчлөгдөх бүрд замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын албанд ийнхүү өөрчлөгдсөнөөс хойш долоо хоногийн дотор бүртгүүлэх;
4/аж ахуйн нэгж, байгууллага нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг ажиллагсад болон суралцагсдад судлуулж, ослоос урьдчилан сэргийлэх ажил зохиож байх;
5/замын хөдөлгөөнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахдаа зам, тээврийн осол гаргах, замын хөдөлгөөний дүрэм зөрчигдөх нөхцөл бүрдүүлэхгүй байх арга хэмжээ авах;
6/хотын доторхи болон хот хоорондын гол замын зорчих хэсэгт мал, тэжээвэр амьтдыг хариулгагүйгээр оруулахгүй байх;
7/иргэний амьдарч байгаа болон аж ахуйн нэгж, байгууллагын оршин байгаа газарт хамаарах замын гадаргууг бүрэн бүтэн байлгах талаар зохих байгууллагад шаардлага тавих, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүйгээр зам эвдэрсэн, мөстсөн зэргийг нэн даруй засаж, цэвэрлүүлэх;
8/зам, тээврийн осолд нэрвэгдсэн хүнд тусламж үзүүлэх;
9/зам дээр засвар, үйлчилгээ хийж байгаа бол уг хэсгийг хашиж тусгаарлах, тойрч гарах чигийг заах;
10/замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба, байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хариу мэдэгдэх.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ОРОН НУТГИЙН ЗАХИРГАА, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТЫН УЛСЫН АЛБАНЫ БҮРЭН ЭРХ
[edit]15 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх;
2/иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах;
3/тээврийн хэрэгслийн техникийн үзлэг явуулах ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4/авто зам, гүүр, түүний хиймэл байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засварлах, тоноглох, гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэл хийх ажил нь холбогдох стандарт, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, зохион байгуулах;
5/нутаг дэвсгэр дээрээ байгаа улсын батлагдсан замын уулзвар бүрт мэдээлэх тэмдэг, замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй газарт анхааруулах тэмдэг тавих, тэдгээрийг бүрэн бүтэн байлгах.
16 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба, байцаагчийн бүрэн эрх
1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба Монгол Улсын цагдаагийн байгууллагын бүтцэд ажиллах бөгөөд зэвсэгт хүчин болон хилийн цэргийн техникийн шалгах албыг мэргэжлийн чиг үүргээр харьяална.
2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтыг ерөнхий байцаагч, ахлах байцаагч, байцаагч,гүйцэтгэнэ.
3.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, журам, стандартыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих;
2/энэ хууль, замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохиох;
3/тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг хөтлөх;
/Энэ заатыг 1999 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцож, 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4/тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох;
/Энэ заатыг 1999 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцож, 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5/тээврийн хэрэгслийн улсын дугаарын үйлдвэрлэлд хяналт тавих.
Тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх зөвшөөрлийг цагдаагийн төв байгууллага олгоно;
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
6/тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авч, жолоодох эрхийн үнэмлэх олгох;
/Энэ заатыг 1999 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцож, 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн./
7/зам-тээврийн осол, түүнээс учирсан хохирол,замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн тоо бүртгэлийг хөтлөх.
8/жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх.
/Энэ заалтыг 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, журам, стандартыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгах талаар сануулах, амаар болон бичгээр албан шаардлага тавих;
2/техникийн бүрэн бүтэн байдлын болон хаягдал утааны найрлага дахь бохирдуулах бодис, утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоосон стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох, хөдөлгөөнд аюул учруулж болохоор эвдэрч гэмтсэн замын хэсгийг түр хаах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хөдөлгөөний чиглэл, урсгалыг түр өөрчилж, энэ тухай мэдээлэх;
/Энэ заалтыг 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3/зам, тээврийн осол гаргасан, согтуугаар болон хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус, улсын дугааргүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн үнэмлэх, талон, техникийн бичиг баримтыг түр хурааж, зөрчлийг шийдвэрлэж дуустал тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-нд байлгах.
Тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-нд байлгасан хугацааны зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.
Тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-нд түр байлгах журмыг Монгол Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална;
/Энэ заалтад 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /
4/жолооч бэлтгэх сургалтыг хангалтгүй зохион байгуулсан, шаардлага хангаагүй сургууль, дамжааны сургалт явуулах зөвшөөрлийг хураах, багшлах эрхийг хасах санал тавих, мэргэжлийн шалгалт авах хугацааг хойшлуулах;
/Энэ заатыг 1999 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон ба 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн./
5/замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, стандарт, журам зөрчсөн албан тушаалтан, иргэдэд хууль тогтоомжид заасан журмын дагуу захиргааны шийтгэл ногдуулах.
6/замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай хашаа, талбайд шилжүүлэх.
Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсний болон тусгай хашаа, талбайд байлгасан хугацааны зардлыг тухайн тээврийн хэрэгслийн жолооч хариуцна.
Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ заалтыг 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
5.Замын хөдөлгөөний хяналтын улсын байцаагчаас замын хөдөлгөөн зохицуулах, хянаж шалгах журмыг цагдаагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсэгт 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.Даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягт, уг тодорхойлолтыг бүрдүүлэх зааврыг цагдаагийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална.
/Энэ заалтыг 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
17 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид хориглох зүйл
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид дараахь зүйлийг хориглоно:
1/тээврийн хэрэгслийн жолооч болон хөдөлгөөнд оролцогч бусад этгээдийг үндэслэлгүйгээр саатуулах;
2/хууль бус шаардлага тавих, хувийн ажилд тээврийн хэрэгсэл ашиглах, элдэв болзол тавих зэргээр албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглах.
18 дугаар зүйл.Замын хөдөлгөөний хяналтын улсын албаны зөвшөөрөл заавал авах
Дор дурдсан тохиолдолд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын албаны зөвшөөрлийг заавал урьдчилан авна:
1/замын хөдөлгөөний чиглэл, урсгалыг өөрчлөх, зам, зорчих хэсгийг нарийсгах болон хөдөлгөөнд саад учруулахаар үйл ажиллагаа явуулах;
2/замын тэмдэг, тэмдэглэл, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл шинээр тавих, хурааж авах, өөрчлөх;
3/төмөр замын гарам байгуулах, өөрчлөх, хөдөлгөөн зогсоож засварлах;
4/нийтийн болон тусгай үйлчилгээний тээврийн хэрэгслийн явах чиглэл, зогсох буудлыг шинээр тогтоох буюу өөрчлөх;
5/замын хөдөлгөөнд саад болох биеийн тамирын уралдаан тэмцээн, жагсаал, тоглолт зэрэг үйл ажиллагаа явуулах.
ТАВДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ
[edit]19 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу эрүүгийн, захиргааны болон сахилгын шийтгэл ногдуулна.
20 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1996 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |