Jump to content

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль

From Wikisource
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль (2015)
321272Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль2015

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

[edit]

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг тодорхойлж, холбогдох харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж

2.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль, захиргааны хэм хэмжээний актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“тээврийн хэрэгсэл” гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг;

3.1.2.“механикжсан тээврийн хэрэгсэл” гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг;

3.1.3.“жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг;

3.1.4.“зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна;

3.1.5.“замын хөдөлгөөн” гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг;

3.1.6.“зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг;

3.1.7.“замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг;

3.1.8.“замын хөдөлгөөний аюулгүй байдал” гэж замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг;

3.1.9.“замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” гэж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг;

3.1.10.“замын хөдөлгөөний зохион байгуулалт” гэж замын хөдөлгөөнийг удирдан явуулахад чиглэсэн цогц үйл ажиллагааг;

3.1.11.“явган зорчигч” гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирж, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүнийг.

4 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний нэгдсэн журам

4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно.

4.2.Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална.

4.3.Замын хөдөлгөөний дүрэмд механикжсан тээврийн хэрэгслийн ангилал, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, явганаар болон тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох журам, холбогдох стандартаар тогтоосон замын хөдөлгөөн зохицуулах дохио, замын тэмдэг, тэмдэглэлийн загвар, утга агуулга, тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт, тээврийн хэрэгслийн таних тэмдгийн загвар, хэрэглэх журмыг тусгана.

4.4.Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ - ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭРХ, ҮҮРЭГ

[edit]

5 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

5.1.Монгол Улсын Их Хурал замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжийг батлах;

5.1.2.замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах;

5.1.3.замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар жил бүрийн нэгдүгээр улиралд холбогдох Байнгын хороогоор хэлэлцэж, санал, дүгнэлт гаргах, холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болгох.

6 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

6.1.Монгол Улсын Засгийн газар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

6.1.2.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.3.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг санхүүжүүлэх;

6.1.4.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах;

6.1.5.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

6.1.6.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт, дүрмийг батлах.

7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл

7.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах үүргийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл /цаашид “Үндэсний зөвлөл” гэх/ хэрэгжүүлнэ.

7.2.Үндэсний зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд байна.

7.3.Үндэсний зөвлөл Улсын Их Хуралд ажлаа жилд нэг удаа тайлагнана.

7.4.Үндэсний зөвлөл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдох чиг үүргийг хэрэгжүүлдэг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын удирдлагын төлөөллийн тэнцүү оролцоог хангасан, орон тооны бус бүрэлдэхүүнтэй байна.

7.5.Үндэсний зөвлөл орон тооны ажлын албатай байна.

7.6.Үндэсний зөвлөл дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

7.6.1.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги, хөтөлбөр, холбогдох дүрэм, журмын төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах;

7.6.2.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг уялдуулан зохион байгуулах;

7.6.3.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг оновчтой болгоход чиглэсэн үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт дэвшил, дэвшилтэт техник, технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавих;

7.6.4.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар үүрэг, чиглэл өгөх, зөвлөмж гаргах, ажлын хэсэг байгуулах;

7.6.5.замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, чиглэл өгөх, тайлан мэдээ гаргах;

7.6.6.замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг олгох сургалтыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын үндсэн хөтөлбөрт тусгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

7.6.7.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомж, захиргааны шийдвэр, стандарт, зөвлөмжийн хэрэгжилтийг хянах, шаардлага тавих;

7.6.8.байгууллага, албан тушаалтнаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээлэл, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг үнэ төлбөргүйгээр гаргуулан авах, танилцах, мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулах;

7.6.9.иргэдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцохыг сурталчлах, бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр санамж, зөвлөгөө үнэ төлбөргүй нийтлэх, нэвтрүүлэх, түгээхийг үүрэг болгох, хэрэгжилтэд хяналт тавих;

7.6.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

8 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын эрх, үүрэг

8.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага дараах үүргийг гүйцэтгэнэ:

8.1.1.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт тавих;

8.1.2.замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах.

8.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага дараах эрхтэй байна:

8.2.1.замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдэл, нөхцөлийг таслан зогсоох үндэслэлээр тээврийн хэрэгслийг албадан зогсоох, дайчлах, түр саатуулах, зөөж шилжүүлэх;

8.2.2.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах;

8.2.3.жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын техник, хэрэгсэл ашиглан шалгаж тогтоох;

8.2.4.холбогдох хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, зөрчлийн бүртгэлийн оноо тооцох;

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.2.5.зэвсэгт хүчин болон хилийн цэргийн техникийн шалгах албыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мэргэжлийн чиг үүргээр харьяалах.

8.3.Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.4.Энэ хуулийн 8.3-т заасан журамд дараах асуудлыг тусгана:

8.4.1.замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд эргүүлийн чиглэлийн хяналтын бүсийг тогтоох, хяналтын арга, хэлбэр, зам, замын байгууламж, замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, тээврийн хэрэгсэлд хяналт тавих, зөрчлийг бүртгэж, шийдвэрлэх үйл ажиллагаа, зам тээврийн ослын газрыг хамгаалах, тээврийн хэрэгслийг дайчлах, албадан зогсоох, эрэн сурвалжлах, тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх, замын хөдөлгөөнд хяналт тавихад хөтлөх бүртгэл, судалгаа, маягтын загвар;

8.4.2.бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журамд торгууль оногдуулах, шийдвэрлэх, гүйцэтгэлд тавих хяналт, торгуулийн хуудасны загвар, бүртгэл, мэдээллийн сангийн асуудал;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

8.4.3.зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журамд зөрчил тус бүрд тооцох оноо болон онооны нийт хэмжээ, оноог тооцох үндэслэл, хариуцлага, мэдээллийг иргэнд хүргэх асуудал.

9 дүгээр зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх, үүрэг

9.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах эрхтэй байна:

9.1.1.харьяа орон нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх;

9.1.2.Цагдаагийн албаны тухай хуулийн 63.1-д заасан олон нийтийн цагдаагийн ажилтныг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр харьяа нутаг дэвсгэртээ ажиллуулах.

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах үүргийг хэрэгжүүлнэ:

9.2.1.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх;

9.2.2.зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дунд болон богино хугацааны төлөвлөгөө батлах;

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.2.3.харьяа нутаг дэвсгэрийнхээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянан шалгах;

9.2.4.харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах, төлбөрийн хувь хэмжээг тогтоох.

9.3.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах эрхтэй байна:

9.3.1.харьяа нутаг дэвсгэрийнхээ нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн явах чиглэл, зогсоолын байршлыг тогтоох, өөрчлөх;

9.3.2.зам, түүний ойролцоо худалдаа, үйлчилгээ явуулах, уралдаан, тэмцээн, жагсаал, цуглаан, бусад арга хэмжээ зохион байгуулахад зөвшөөрөл олгох;

9.3.3.тухайн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн зөрчилд шийтгэл хүлээлгэх ажлыг зохион байгуулах.

9.4.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах үүргийг хэрэгжүүлнэ:

9.4.1.зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;

9.4.2.замын хөдөлгөөний түгжрэл, саатлын шалтгаан, нөхцөлийг судалж, түүнийг арилгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх;

9.4.3.иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах;

9.4.4.тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, иргэнд замыг цэвэрлэх, бохирдол, цас мөсийг арилгахыг үүрэг болгох;

9.4.5.харьяа нутаг дэвсгэрийнхээ зам, замын байгууламж гэрэлтүүлэг, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил, иргэдийн санал, гомдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авахуулах;

9.4.6.зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засварлах, тоноглох, замын гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэл хийх ажил нь холбогдох хууль, захиргааны хэм хэмжээний акт, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах;

9.4.7.харьяа нутаг дэвсгэрийнхээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жилд хоёроос доошгүй удаа тайлагнах.

9.5.Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний акт гаргаж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

10 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан

10.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь дараах төрөлжсөн сангаас бүрдэнэ:

10.1.1.тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санд механикжсан тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөн, ашиглалт, засвар, оношилгооны бүртгэл, мэдээллийг хамруулах;

10.1.2.зам, замын байгууламжийн эвдрэл, гэмтлийн бүртгэл, мэдээллийн санд замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй зам, замын байгууламжийн төлөв байдал, эвдрэл, гэмтлийн бүртгэл, мэдээллийг хамруулах;

10.1.3.жолоочийн бүртгэл, мэдээллийн санд жолоодох эрхийн үнэмлэх дээрх мэдээллийн бүртгэл, мэдээллийг хамруулах;

10.1.4.жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн санд жолооч бэлтгэх сургалтын байгууллага, түүний сургалтын материаллаг бааз, хүний нөөц болон суралцагсдын бүртгэл, мэдээллийг хамруулах;

10.1.5.зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн бүртгэл, мэдээллийн санд зам тээврийн осол, түүнээс учирсан хохирол, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийн тоо бүртгэл, мэдээллийг хамруулах;

10.1.6.жолоочийн эрүүл мэнд, зам тээврийн осолд өртсөн хүний бүртгэл, мэдээллийн санд механикжсан тээврийн хэрэгслийн жолоочийн эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт, зам тээврийн ослын улмаас гэмтсэн, нас барсан хүний тоо бүртгэл, мэдээллийг хамруулах;

10.1.7.жолоочийн даатгалын мэдээллийн санд даатгалын гэрээ, даатгалын тохиолдол, хохирогчид олгосон нөхөн төлбөр, даатгагч, даатгуулагч, хохирогчийн болон жолоочийн даатгалтай холбоотой бусад бүртгэл, мэдээллийг хамруулах;

10.1.8.авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын бүртгэл, мэдээллийн санд тухайн төрлийн татварын бүртгэл, мэдээллийг хамруулах.

10.2.Энэ хуулийн 10.1.1-д заасан санг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, 10.1.2-т заасан санг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 10.1.4-т заасан санг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 10.1.3, 10.1.5-д заасан санг цагдаагийн байгууллага, 10.1.6-д заасан санг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 10.1.7-д заасан санг Санхүүгийн зохицуулах хороо, 10.1.8-д заасан санг татварын асуудал эрхэлсэн төрийн байгууллага тус тус хариуцан хөтөлнө.

10.3.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан болон түүний төрөлжсөн санг хөтлөх, уг сангаас мэдээлэл, лавлагаа өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Үндэсний зөвлөл батална.

10.4.Зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн бүртгэл, мэдээллийн сангийн бүртгэл, мэдээлэлд үндэслэн жолоочийн зөрчлийн оноог тооцно.

10.5.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.3-т заасан журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авч болно.

11 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ

11.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүний амь насыг аврахад чиглэсэн эмнэлгийн дараах тусламж, үйлчилгээг зохион байгуулж хэрэгжүүлнэ:

11.1.1.зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх талаар иргэнд чиглэсэн сургалт, сурталчилгааны хөтөлбөр хэрэгжүүлэх;

11.1.2.зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх;

11.1.3.зам тээврийн осолд өртсөн хүнд үзүүлэх эмнэлгийн байгууллагын яаралтай тусламж, үйлчилгээ, нөхөн сэргээх эмчилгээний чанар, шуурхай байдлыг хангах;

11.1.4.зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх эмнэлэг, анхны тусламжийн цэг, харьяалагдах нутаг дэвсгэрийг тодорхойлох, ажиллах нөхцөл, боломжоор хангах;

11.1.5.тээврийн хэрэгслийн жолооч болон жолооч бэлтгэх сургалтад хамрагдах иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах.

11.2.Жолоочийн эрүүл мэндэд тавих шаардлага, жолоочийн эрүүл мэндийн үзлэг явуулах журам, үзлэгийн хуудасны загвар, үзлэг явуулах эрх бүхий эмнэлгийн байгууллагын жагсаалт, тээврийн хэрэгсэл жолоодоход харшлах эм, бэлдмэл, тээврийн хэрэгсэлд байх эмийн сангийн иж бүрдлийн жагсаалт, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

11.3.Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх, зам тээврийн ослын улмаас гэмтсэн, нас барсан хүний тоо бүртгэх зааврыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ - ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ

[edit]

12 дугаар зүйл.Замын хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг

12.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай үндэсний хууль тогтоомж болон Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлж, замын хөдөлгөөнд оролцогчийн замын хөдөлгөөнд аюулгүй оролцох эрхийг хуулиар хамгаална.

12.2.Замын хөдөлгөөнд оролцогч дараах эрх эдэлнэ;

12.2.1.Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих;

12.2.2.замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлөө хангуулахаар төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих;

12.2.3.зам тээврийн ослын үед эмнэлгийн болон авран хамгаалах бусад яаралтай тусламжийг холбогдох төрийн байгууллага, хариуцсан этгээдээс үнэ төлбөргүй авах;

12.2.4.зам тээврийн ослын улмаас учирсан хохирлоо хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх.

12.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй.

13 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

13.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах эрх эдэлнэ:

13.1.1.холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас замын хөдөлгөөнд хязгаарлалт буюу хориглолт тогтоосон шалтгаан, нөхцөл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн аливаа техник хэрэгсэл, ажил, үйлчилгээний талаар мэдээлэл авах;

13.1.2.замын эвдрэл, гэмтлийг засах, бохирдол, цас мөс цэвэрлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардах.

13.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ:

13.2.1.Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх;

13.2.2.зам тээврийн осолд өртсөн хүнд яаралтай анхан шатны тусламж үзүүлэх;

13.2.3.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;

13.2.4.зам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;

13.2.5.замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх;

13.2.6.иргэн, хуулийн этгээд оршин байгаа газартаа хамаарах замын бохирдол, цас мөсийг цэвэрлэх;

13.2.7.эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;

13.2.8.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар эрх бүхий этгээдээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

13.3.Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчихийг аливаа хэлбэрээр албадан тулгах, дэмжихийг хориглоно.

13.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар дараах үүргийг хүлээнэ:

13.4.1.жолоочийн ажил үүргийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн зохион байгуулах;

13.4.2.жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг байгууллагын дотоод дүрэм, журам, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталж хэрэгжүүлэх;

13.4.3.жолоочийг мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх боломжоор хангах;

13.4.4.жолоочийн замын хөдөлгөөний соёл, мэргэжлийн ур чадвар, ёс зүйн харилцааны зохицуулалтыг байгууллагын дотоод дүрэм, журамд тусган, хэрэгжилтийг хангах.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ

[edit]

14 дүгээр зүйл.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх

14.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалт, жолоодох эрхийн шалгалт авах үйл ажиллагааг тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, жолоодох эрхийн шалгалт авах журмаар зохицуулна.

14.2.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам, сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн боловсрол, сургалтын болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавина.

14.3.Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны болон жолоодох эрхийн шалгалт авах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

14.4.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын стандарт, жолоодох эрхийн шалгалтын төвийн стандартыг стандартчиллын төв байгууллага батална.

14.5.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа тухайн мэргэжлийн сургалтыг удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагаар дараах ажил үүргийг гүйцэтгүүлж болно:

14.5.1.тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын стандарт, жолоодох эрхийн шалгалтын төвийн стандарт, сургалтын стандарт боловсруулах;

14.5.2.тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх, үйл ажиллагаанд нь үнэлгээ, дүгнэлт хийх;

14.5.3.жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааг зохион байгуулах.

14.6.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл нь сургалтыг хангалтгүй зохион байгуулсан, эсхүл бэлтгэсэн жолоочийн зөрчлийн онооны бүртгэл болно.

14.7.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын онолын мэдлэгийг иргэн бие даан эзэмшиж болох бөгөөд дадлагын хичээлийн нийт багц цагийг дадлагын талбай, замын хөдөлгөөнд гүйцэтгэснээр жолоодох эрхийн шалгалтад орох эрх үүснэ.

15 дугаар зүйл.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох

15.1.Дараах шаардлагыг хангасан иргэнд механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгоно:

15.1.1.тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий насанд хүрсэн;

15.1.2.тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцсэн;

15.1.3.тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн.

15.2.Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна.

15.3.Жолоодох эрхийн болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг олгох, бүртгэх ажлыг цагдаагийн байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

15.4.Жолооны багшийн үнэмлэх олгох журам, жолооны багшийн үнэмлэхийн загварыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, жолоодох эрхийн үнэмлэх олгох журам, жолоодох эрхийн үнэмлэхийн загвар, үнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.

16 дугаар зүйл.Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх олгох

16.1.Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцүүлэн, жолоодох эрхийн үнэмлэхийг үндэслэн олгоно.

16.2.Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэхгүй.

17 дугаар зүйл.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хүчинтэй байх хугацаа

17.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт тус улсын иргэн зөвхөн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхээр механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг /жолоодлогын дадлага хийх тохиолдол хамаарахгүй/ зөвшөөрнө.

17.2.Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил, Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг гурван жилийн хугацаагаар олгоно. Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг олгох үед тухайн жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа гурван жилээс хэтрэхгүй байвал уг хугацаагаар хязгаарлана.

17.3.Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгогдсон бөгөөд уг конвенцид нийцсэн жолоодох эрхийн буюу олон улсын жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхээр гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтэрснээс хойш нэг жилийн хугацаанд тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодож болно.

17.4.Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн бус орноос олгогдсон жолоочийн болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээр Монгол Улсын нутаг дэвсгэрт механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.

18 дугаар зүйл.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх үндэслэл

18.1.Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно:

18.1.1.жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан;

18.1.2.жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;

18.1.3.зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрсэн;

18.1.4.тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан.

18.2.Жолоодох эрхийн үнэмлэх хүчингүй болсон тохиолдолд тухайн иргэний олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг хүчингүйд тооцно.

18.3.Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ:

18.3.1.жолоодох эрхийн үнэмлэхийг зохих журмын дагуу сунгуулсан;

18.3.2.жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэх нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;

18.3.3.тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хассан хугацаа дуусгавар болсон.

18.4.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ТАВДУГААР БҮЛЭГ - ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД БАРИМТЛАХ ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

[edit]

19 дүгээр зүйл.Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага

19.1.Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалах ажил замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцсэн байна.

19.2.Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалах ажил нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хууль, техникийн норм, дүрэм, стандартад нийцэж байгаа эсэхэд тухайн холбогдох хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

19.3.Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх инженерийн шийдэл гаргахыг хориглоно.

19.4.Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах ажлыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын холбогдох шаардлагад нийцүүлэх үүргийг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцна.

20 дугаар зүйл.Замын хөдөлгөөнийг зохион байгуулахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлага

20.1.Замын хөдөлгөөн зохион байгуулах ажил, үйлчилгээг тухайн орон нутгийн авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

20.2.Замын хөдөлгөөнийг зохион байгуулах болон түүний төсөл, бүдүүвчийг гүйцэтгэхэд холбогдох хууль тогтоомж, техникийн норм, дүрэм, стандарт, Монгол Улсын олон улсын гэрээний заалтыг мөрдлөг болгон шинжлэх ухааны үндэслэл, тооцоо, судалгаа, дэвшилтэт технологи, техник хэрэгсэл, инженерийн оновчтой шийдлийг иж бүрэн ашиглана.

20.3.Замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохионд тавих техникийн шаардлага, хэрэглэх дүрмийн үндэсний стандартыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, стандартчиллын төв байгууллага батална.

20.4.Энэ хуулийн 8.2.2-т зааснаас бусад тохиолдолд тухайн авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр замын хөдөлгөөний зохион байгуулалт, урсгал, чиглэлийг өөрчлөх, хязгаарлах, хаахыг хориглоно.

20.5.Замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчлөх, замын хөдөлгөөнийг зохицуулах, техник хэрэгсэл шинээр байрлуулах, солихын өмнө тухайн ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага замын хөдөлгөөнд оролцогчид зохих тэмдэг, хэрэгслээр урьдчилан анхааруулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 48-аас доошгүй цагийн өмнө мэдэгдэнэ.

20.6.Замын хөдөлгөөний зохион байгуулалтад түүний аюулгүй байдлын түвшнийг бууруулах байдлаар өөрчлөлт оруулахыг хориглоно.

21 дүгээр зүйл.Тээврийн хэрэгсэл, түүний хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэх, угсрах, импортлоход тавих шаардлага

21.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцуулах зорилгоор тус улсад үйлдвэрлэсэн, угсарсан тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нь зохих техникийн норм, дүрэм, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд шинжлэх ухааны холбогдох байгууллагын дүгнэлтээр баталгаажсан байна.

21.2.Импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нь зохих техникийн норм, дүрэм, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн хяналтын үзлэг, оношилгооны дүгнэлт буюу гэрчилгээгээр баталгаажсан байна.

21.3.Гадаад улсад ашиглахыг хориглосон тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно.

21.4.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага хангасныг гэрчлэх шинжлэх ухааны холбогдох байгууллага, эсхүл техникийн хяналтын үзлэг, оношилгооны дүгнэлтгүйгээр тухайн тээврийн хэрэгслийг бүртгэхийг хориглоно.

21.5.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх эд анги, нэмэлт тоног төхөөрөмжийн хийцийг өөрчилсөн тохиолдолд техникийн хяналтын үзлэг, оношилгоог давтан хийлгэж гэрчилгээ авна.

22 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийг ашиглахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага

22.1.Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино.

22.2.Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтыг техникийн стандартаар тогтооно.

22.3.Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн хяналтыг авто тээврийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.

22.4.Тээврийн хэрэгслийг эзэмшигч Монгол Улсад бүртгэлтэй механикжсан тээврийн хэрэгслийг ашиглалтын явцад тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулах үүрэгтэй.

22.5.Тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг, оношилгоог хийсэн хуулийн этгээд тухайн тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгааг зохих баримт бичгээр баталгаажуулсан байна.

22.6.Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч /өмчлөгч/ буюу ашиглагч этгээд хүлээнэ.

23 дугаар зүйл.Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага

23.1.Тээврийн хэрэгсэлд хийсэн техникийн үйлчилгээ, засвар тухайн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд аюулгүй оролцох шаардлагыг бүрэн хангасан байвал зохино.

23.2.Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засварыг хийхдээ үйлдвэрлэгчээс тогтоосон техникийн норм, дүрэм, зааварчилгааг мөрдлөг болгоно.

23.3.Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийх үйл ажиллагааг тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийх журмаар зохицуулна.

23.4.Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийх журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

23.5.Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийх үйл ажиллагаа эрхлэн явуулах хуулийн этгээдэд тавих шаардлагыг үндэсний стандартаар тогтооно.

23.6.Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийсэн хуулийн этгээд тухайн тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад бүрэн нийцэж байгааг зохих баримт бичгээр баталгаажуулсан байна.

24 дүгээр зүйл.Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж замын хөдөлгөөнд оролцох

24.1.Хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах байгууллага, төрийн тусгай хамгаалалт, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон дохиолол хамгаалал, даатгалын шуурхай алба, хот тохижилт, тусгай зориулалтын чирэгч ачигч, техникийн хяналт болон замын арчлалт, засвар үйлчилгээ, хяналт шалгалтын зориулалттай шуурхай ажлын тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэж замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

24.2.Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

24.3.Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгслийн өнгө, таних тэмдэг, бичлэг, дуут дохионы хөг ая, гэрэл дохионы өнгө, давтамжийг үндэсний стандартаар тогтооно.

24.4.Тусгай дуут болон гэрлэн дохио бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ - ХУУЛЬ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

[edit]

25 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

25.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

25.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

26 дугаар зүйл.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд

26.1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

26.2.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу эрхээ хасуулсан этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

27 дугаар зүйл.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох

27.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

27.2.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

27.3.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

/Энэ хэсэгт 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.4.Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

28 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох

28.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

28.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

29 дүгээр зүйл.Тээврийн хэрэгслийн холбогдох баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодох

29.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

29.2.Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

30 дугаар зүйл.Улсын бүртгэлд хамрагдаагүй, техникийн хяналтын үзлэгт оруулаагүй тээврийн хэрэгсэл жолоодох

30.1.Хууль тогтоомжид заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

30.2.Хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, уг үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

31 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй тээврийн хэрэгсэл жолоодох

31.1.Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь муудсан, эсхүл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

31.2.Улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

31.3.Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар эрхийг хасах, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

32 дугаар зүйл.Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох

32.1.Энэ хуулийн 32.2, 32.3-т зааснаас бусад ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

32.2.Ажлын тоормосын систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

32.3.Энэ хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

33 дугаар зүйл.Эрх бүхий этгээдээс тавьсан шаардлагыг үл биелүүлэх

33.1.Хяналт, шалгалт явуулах эрх бүхий ажилтны хуульд нийцсэн албан ёсны шаардлагыг биелүүлээгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

33.2.Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслийн жолоочид Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

34 дүгээр зүйл.Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ үл биелүүлэх

34.1.Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

35 дугаар зүйл.Хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэх журам зөрчих

35.1.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

35.2.Мотоцикл, мопедын жолооч болон мотоциклоор зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

36 дугаар зүйл.Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэх журам зөрчих

36.1.Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

37 дугаар зүйл.Замын хөдөлгөөнийг зохицуулах дохио зөрчих

37.1.Жолооч гэрлэн дохио болон цагдаагийн албан хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай хэмжээний тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

38 дугаар зүйл.Анхааруулах дохио хэрэглэх журам зөрчих

38.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн дуут дохио өгөх журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

38.2.Замын хөдөлгөөний дүрэмд заасан ослын дохио буюу ослын зогсолтын тэмдэг хэрэглэх журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

39 дүгээр зүйл.Хөдөлгөөн эхлэх болон чиглэл өөрчлөх журам зөрчих

39.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

39.2.Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч хөдөлгөөний чиг өөрчлөхдөө эгнээ байр эзлэх журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

39.3.Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч хориглосон газарт буцаж эргэх буюу ухрах үйлдлийг хийсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

40 дүгээр зүйл.Тээврийн хэрэгслээр байрлан явах журам зөрчих

40.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасныг зөрчин тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар буюу явган хүний зам, хөвөөгөөр явсан, эсхүл цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн буюу жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарсан, тэдний хооронд байр эзэлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

40.2.Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

41 дүгээр зүйл.Тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, хэт удаан явах

41.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

41.2.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

41.3.Жолооч шаардлагагүй үед огцом тоормослох, аюултай нөхцөл үүсгэх, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулж тээврийн хөдөлгөөнд оролцсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

42 дугаар зүйл.Гүйцэж түрүүлэх журам зөрчих

42.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан гүйцэж түрүүлэх үйлдлийг жолооч зөрчиж гүйцэтгэсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

42.2.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэх хориотой газарт жолооч энэ хуулийн 44.1-д заасан үйлдлийг гүйцэтгэсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

43 дугаар зүйл.Түр буюу удаан зогсоох журам зөрчих

43.1.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч энэ хуулийн 43.2, 47.1-д заасныг зөрчиж тээврийн хэрэгслийг түр буюу удаан зогсоох журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

43.2.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

44 дүгээр зүйл.Уулзвар буюу явган хүний гарц нэвтрэх журам зөрчих

44.1.Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар нэвтрэх үед явган зорчигчийн гарц, эсхүл уулзвар дээр зогссон давуу эрхтэй уулзвар нэвтрэгчид зам тавьж өгөөгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

45 дугаар зүйл.Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчих

45.1.Төмөр замын гарамгүй хэсгээр нэвтрэх, эсхүл төмөр замын гармын хаалт хаагдсан болон хориглосон тэмдэг асах үед тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

46 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх журам зөрчих

46.1.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх тухай дүрмийн шаардлагыг биелүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

47 дугаар зүйл.Хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчих

47.1.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

48 дугаар зүйл.Тууш замын хөдөлгөөний журам зөрчих

48.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

49 дүгээр зүйл.Жолоодлогын дадлага хийх журам зөрчих

49.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоодлогын дадлагын багш дадлага хийх журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

50 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийг чирэх журам зөрчих

50.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгсэл чирэх журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

51 дүгээр зүйл.Хүн тээвэрлэх журам зөрчих

51.1.Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

52 дугаар зүйл.Ачаа тээвэрлэх журам зөрчих

52.1.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүнд буюу овор ихтэй, түүнчлэн хортой болон аюултай ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

52.2.Жолооч энэ хуулийн 52.1-д зааснаас бусад байдлаар ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

53 дугаар зүйл.Замын тэмдэг, тэмдэглэлийн заалт зөрчих

53.1.Жолооч замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш буюу буцаж эргэсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

53.2.Жолооч тээврийн хэрэгслийн бодит жин буюу тэнхлэгийн ачааллын хязгаарлал тогтоосон хориглох тэмдгийн заалтыг зөрчсөн бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

53.3.Жолооч энэ хуулийн 53.1, 53.2-т зааснаас бусад байдлаар замын тэмдэг буюу тэмдэглэлийн заалтыг зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

54 дүгээр зүйл.Жолоочоос бусад замын хөдөлгөөнд оролцогч этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих

54.1.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.5-д заасан үүргээ биелүүлээгүй бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.2.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.1, 13.2.4, 13.2.6-д заасан үүргээ биелүүлээгүй бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.3.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.4.Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.5.Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.6.Энэ хуулийн 13.2.7-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.7.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу уг эрхээ хасуулсан, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодохыг шаардсан, нөлөөлсөн иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.8.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодуулсан иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.9.Жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг зөрчсөн буюу холбогдох хуульд нийцүүлээгүй, эсхүл жолоочийн ажил үүргийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн зохион байгуулаагүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.10.Авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээсэн бол хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.11.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр замын зорчих хэсэг, зурвас болон хяналт тавих зурвас газарт зам, замын байгууламж барих, засварлах ажилд саад учруулж болзошгүй, замын хөдөлгөөнд оролцогчид осол аюул бүхий үйл ажиллагаа явуулсан, авто замын зорчих хэсэг, хөвөө, зурвас газарт хог, бохир ус, чулуу, төмөр, бусад зүйлсийг хаях, байрлуулах, овоолсон, авто замын зурвас газарт худалдаа хийх болон авто замын ашиглалттай холбоогүй бусад үйл ажиллагаа явуулсан, тусгай хамгаалалтгүй, эсхүл зөвшөөрөлгүйгээр гинжит болон тухайн авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтээс хэтэрсэн овор, даацтай тээврийн хэрэгслээр замаар зорчсон бол хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.12.Хөдөлгөөний урсгал, чиглэлийг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, хаасан, замын хөдөлгөөнийг зохион байгуулсан бол зөрчлийг арилгуулж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.13.Замын тэмдэг, тэмдэглэл, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн байрлалыг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, шинээр тавьсан, хурааж авсан тохиолдолд зөрчлийг арилгуулж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.14.Төмөр замын гарам зөвшөөрөлгүйгээр байгуулсан, өөрчилсөн, хөдөлгөөн зогсоож түүнийг засварласан бол албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.15.Зам болон замын зорчих хэсэгт замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хаалт, хашилт, чиглүүлэх хэрэгслийг стандартын дагуу бүрэн бүтэн байрлуулаагүйгээс замын хөдөлгөөнд оролцогчид буруу мэдээлэл өгч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.16.Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, зам тээврийн осол, хэрэг гарсан тохиолдолд холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулж, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.17.Зам болон замын зорчих хэсэгт эвдрэл, гэмтэл учруулсан, инженерийн шугам сүлжээ хийх болон өргөтгөх зорилгоор зөвшөөрөлгүй авто зам эвдэж сэтлэх, орц, гарц гаргах, зогсоолын талбай, хурд сааруулагч хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.18.Зам дээр хийгдсэн үзлэгийн болон шүүрт худгийн таг байхгүй, алга болсон, эвдэрсэн, замын зорчих хэсгийн түвшинтэй нэг түвшинд байрлуулагдаагүйгээс зам тээврийн осол, хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн болон зам тээврийн осол, хэрэг гарсан бол хариуцдаг аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.19.Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан зам, төмөр замын гарам буюу замын бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эвдэрсэн буюу замын гадаргууд халтиргаа гулгаа, мөстөлт үүссэн зэргээс замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй, үүний улмаас зам тээврийн осол, хэрэг гарсан бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулж, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.20.Зам дээр болон замын дагуу суурилуулагдсан гэрэлтүүлгийн эвдрэл, гэмтэл зам тээврийн осол, хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн болон зам тээврийн осол, хэрэг гарсан бол холбогдох этгээдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.21.Замын тэмдэг болон хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг хэрэглэхэд саад болох эд зүйлсийг байрлуулсан бол зөрчлийг арилгуулан учирсан хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ДОЛООДУГААР БҮЛЭГ - БУСАД

[edit]

55 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

55.1.Энэ хуулийг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД


This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.