Jump to content

Шувуун саарал

From Wikisource
Шувуун саарал (1930)
by Дашдоржийн Нацагдорж
300218Шувуун саарал1930Дашдоржийн Нацагдорж

Хөндий талын зэргэлээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана.

Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины ирэлзэн ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл хэдэн залуус морь тарлаж байна.

Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь хусаад, тамхи татан байх бөгөөд ташаа нь тэвхийж, хавирганы яс нь ярайсан, ялгуун саарал морь нь тогтож ядан, гоо сайхан толгойгоо ийш тийш сэжих нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдмаар. Хоёр чихээ солбилзуулан, хааяа нэг шилгээж, эзнийхээ сэтгэлийг баясгана.

Энэ үед удаа дараа хүрч ирсэн хүмүүс түүнийг гайхан магтах бөгөөд шувуун саарал гэж нэрийдэн, Сүрэнхүүгээс шалж, өдий төдий залуу тарган морины үнэ хаялцана.

Сүрэнхүү морины толгойг илбэж худалдахгүй гэнэ.

Цугаар нэгэн зэрэг шувуун саарлын тухай яриа бололцоод оройн шар наранд зүг, зүг гэр гэртээ хоёр гурваараа нийлэлдэн ярилцан исгэрэлдэн одоцгооно.

Үүрийн хаяа гэгээрэхэд, хөмсөг мэт сар далд ороогүй, дэргэдүүр намрын хяруу гялтганаж, тэртээ уулын орой эрвийн сэрвийн үзэгдэнэ. Гэтэл Сүрэнхүү гэрээс гарч, морио барьж эмээллэн мордоод баруун зүг одов.

Өглөөний нар гарахад, нэгэнт хэд хэдэн уул, голыг өнгөрчээ. Сүрэнхүү хөндлөн сууж, холхи газрыг зорин энэ үдэш нэг юманд яарна.

Шувуун саарал нь хазаар даран, хоногийн газрыг өдөрт хүрэхээр тэмүүлэн хатирна. Явах зам мэлцийм цэлгэр, сайхан намрын үес тул, өвсний толгой найгана.

Өмнө биеэр хэрэн давхих гөрөөс уг ёсоор цэнгэлдээд, долгион мэт өнгөрнө.

Шувуун саарал морь нь Сүрэнхүүгийн унаа, сүүмэлзэн сүүмэлзэн харагдах нь Сүнжидмаагийн нутаг.

Харь хушууны нутагт ороход урьд үзэгдээгүй уул, ус ч бас сонин.

Үүгээр түүгээр адуу мал зөндөө билчээд, үе үе тохиолдох айлын зэл дээр бариатай гүүнүүд янцгааж айраг найрын цаг мэдэгдэвч,дайран орж зугаацах чөлөө хаана вэ?

Сүрэнхүү үүнд сонирхох нь бага, түүнд шамдах их тул чиглэсэн зүг давхин өнгөрөх бөгөөд шувуун саарал, үдэш болтол өглөөний хэвээр хатирсаар, нарийн сайхан дөрвөн хөл нь уул ухаагийн тоосыг будруулсаар, ойр зэргэлдээ суусан нутгийн айлын хөгшид залуус түүний барааг харж гайхна.

Ийм сайхан морь унасан хүн хаашаа одно гэж цөм ширтсээр хоцорно.

Хурдлан давхих нь нэн их, хараахан нэг зуур эрэгцүүлэхийн зуур далд орон, сураггүй болжээ.

Түүнээс тэр хошууны нутгийн дунд орохын хамт Сүрэнхүүгийн сэтгэл их л бахтай болж, Сүнжидмаагийн гэр ойртсон гэж баярлах боловч, хуучин сар орой мандах тул, алс замын чигийг олж ядна.

Цагаан гэгээ нэгэнт замхарч, үдшийн байдал бас ч хожимдсон, явах замыг гагцхүү шувуун саарал удирджээ.

Тэртээ уулыг зөвхөн Сүрэнхүү ширтэх боловч, гагцхүү хэдэн од энд тэнд сүүмэлзэж, нөхөр бололцоно.

Энэ үе Сүрэнхүү зорьсон газар чухам хаана бүхийг лавлан эрэгцүүлэхийн зуур өмнө хажуугийн этгээдэд галын оч гялалзав.

Сүрэнхүү түүнийг үзэн баясаж, шууд давхин одох замд торох юмгүй, шувуун саарлын туурайгаас байн байн гал бадарна.

Удалгүй нэг бөглүү газарт хоёр гурван гэрийн хаяанд хүрэхийн хамт мөн гэрээс Сүнжидмаа гарч, нохой хорих бөгөөд хасын царай нь хав харанхуйн дунд туяа тусгана.

1930 он


This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are copyrighted for:

  • 50 years after the death of the creator (§§ 13, 2),
  • 75 years after publication for anonymous and pseudonymous works (§§ 13, 4),

and then enter the public domain.