Jump to content

Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн тухай хууль

From Wikisource
Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн тухай хууль (2006)
322376Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн тухай хууль2006

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Нийтлэг үндэслэл

[edit]

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, уг үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийн эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1.Шинжлэх ухаан, технологийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурд­сан утгаар ойлгоно:

3.1.1."технологи" гэж оюуны бүтээлийг хэрэглээний бүтээгдэхүүн болгон хувиргахад чиглэгдсэн хүн, техник, мэдээлэл, зохион байгуулалтын харилцан уялдаат үйл ажил­лагааг хэрэгжүүлэх аргуудын цогцыг;

3.1.2."шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа" гэж эдийн засаг, нийгмийн болон бусад асуудлыг шийдвэрлэх цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор шинэ болон нэмэлт мэдлэг, шинэ арга бий болгох, хэрэглэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг;

3.1.3."суурь судалгаа" гэж хүн, нийгэм, хүрээлэн байгаа орчны хөгжлийн үндсэн зүй тогтлын талаар шинэ мэдлэг бий болгоход чиглэсэн туршилтын болон онолын үйл ажиллагааг;

3.1.4."хавсарга судалгаа" гэж шинэ мэдлэгийг ашиглахад чиглэсэн судалгаа, туршилтын ажлыг;

3.1.5."эрдэм шинжилгээний ажлын үр дүн" гэж шинжлэх ухааны үйл ажил­лагааны хүрээнд бий болсон шинэ болон нэмэлт мэдлэг, техник технологийн шийдлийг илэрхийлсэн мэдээллийг;

3.1.6."грант" гэж иргэн, хуулийн этгээд, гадаадын болон олон улсын байгууллага урьдчилсан нөхцөл, болзол тавьсаны үндсэн дээр тодорхой судалгаа, шинжилгээний ажил явуулах зориулалтаар шинжлэх ухааны үйл ажиллагаанд оролцогчдод буцалтгүй олгож байгаа мөнгөн болон бусад хөрөнгийг;

3.1.7."эрдэм шинжилгээний ажилтан" гэж шинжлэх ухаан, техно­ло­гийн тодорхой чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэдэг мэргэшсэн судлаачийг;

3.1.8."шинжлэх ухаан, технологийн төсөл" гэж эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг онол, арга зүйн өндөр түвшинд явуулж, захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан үр дүн бий болгох, түүнийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах үйл ажиллагааг төлөвлөсөн баримт бичгийг;

3.1.9. /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4 дүгээр зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны зарчим

4.1.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд дор дурдсан зарчмыг баримтална:

4.1.1.үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил явуулахгүй байх;

4.1.2.шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогч нь эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга, хэлбэрийг чөлөөтэй сонгох, хэрэгжүүлэх;

4.1.3.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үндэслэл бүхий эрсдэлийг төр болон бусад санхүүжүүлэгч этгээд хүлээн зөвшөөрөх;

4.1.4.нууцын зэрэглэлд хамаарахаас бусад эрдэм шинжилгээний ажил, түүний шалгаруулалт нь чөлөөт өрсөлдөөнд үндэслэсэн ил тод, шударга, нээлттэй байх;

4.1.5.шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд иргэд, хуулийн этгээд тэгш эрхтэй, чөлөөтэй оролцох;

4.1.6.шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа нь үр ашигтай, бүтээмжтэй байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны удирдлага

[edit]

5 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажилагааны удирдлагын тогтолцоо

5.1.Шинжлэх ухаан, технологийн үйл ажил­лагааны удирдлага нь дараахь тогтолцооноос бүрдэнэ:

5.1.1. Засгийн газар;

5.1.2. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл;

5.1.3.шинж­лэх ухаан, техно­логийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуул­лага;

5.1.4.Монгол Улсын Шинжлэх ухааны академи;

5.1.5.эрдэм шинжилгээний байгууллагын өөрийн удирдлагын байгууллага.

5.2.Монгол Улсын яам шинжлэх ухаан, технологийн зөвлөлтэй байж болно.

6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

6.1.Засгийн газар шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаатай холбогдсон дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг нь зохион байгуулах;

6.1.2.шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлон батлах;

6.1.3.шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, үндэсний хөтөлбөрийг батлах;

6.1.4.үндэсний инновацийн тогтол­цоог хөгжүүлэх бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх;

6.1.5.шинжлэх ухаан, технологийн салбарт мөрдөх нийтлэг дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах;

6.1.6.Засгийн газрын захиалгаар улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх шинжлэх ухаан, технологийн хөтөлбөр, төсөл, судалгааны ажлын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээг тооцож, улсын төсөвт тусгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

6.1.7.төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах;

6.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

7 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэн эрх

7.1.Засгийн газар нь шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, бодлогын хэрэгжилтэд үнэлэлт өгөх, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах талаар зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-тэй байна.

7.2.Зөвлөл нь дор дурдсан асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргана:

7.2.1.Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын чиг хандлага;

7.2.2.шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх төрийн бодлого, тэргүүлэх чиглэл, мастер төлөвлөгөө, үндэсний хөтөлбөр, Засгийн газрын захиалгаар хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслүүдийн санал;

7.2.3.шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаа;

7.2.4.төрийн төв болон нутгийн захиргааны байгууллагын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны тайлан, захиалсан төсөл, түүний үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж байгаа байдал;

7.2.5.суурь болон хавсарга судалгаа, шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагаанд зарцуулах санхүүжилтийн асуудал;

7.2.6.шинэ технологи нэвтрүүлэх, тэргүүний технологи нутагшуулах чиглэлээр технологийн парк, инкубатор, тэргүүлэх зорилтын сүлжээ байгуулах асуудал;

7.2.7.шинжлэх ухаан, технологийн сангийн тайлан;

7.2.8.тухайн жилд улсын хэмжээгээр хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр;

7.2.9.яамдын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх асуудал;

7.2.10.шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх асуудал;

7.2.11.төрийн бус байгууллага, хуулийн этгээдээс хэрэгжүүлж буй төслүүд, тэдгээрийн шинжлэх ухаан, технологийн хөгжилд үзүүлэх үр нөлөө;

7.2.12.хэрэгжүүлж дууссан шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн байдал;

7.2.13. /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.2.14.шинжлэх ухааны хөгжлийн олон улсын чиг хандлагатай уялдуулан эрдэм шинжилгээ, судалгааны шинэ чиглэлийг хөгжүүлэх асуудал;

7.2.15.эрдэм шинжилгээний байгууллагын бүтэц, зохион байгуулалт;

7.2.16.хуульд заасан бусад чиг үүрэг.

7.3.Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батална.

7.4.Зөвлөлийн бүрэлдэхүүнд Засгийн газар, шинжлэх ухааны академи, их сургуулиуд, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн төлөөллийг оролцуулах бөгөөд орон тооны нарийн бичгийн даргатай байна.

8 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

8.1.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шинжлэх ухаан, технологийн талаар дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

8.1.2.шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үзэл баримтлал, үндсэн чиглэл, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;

8.1.3.Засгийн газрын захиалгаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийг сонгон шалгаруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, суурь, хавсарга судалгааны чиглэл, санхүүжилтийг батлах;

8.1.4.төрийн захиргааны бусад төв болон орон нутгийн байгууллагаас шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

8.1.5.шинжлэх ухаан, технологийн мэдээллийн нэгдсэн сан, сүлжээг бүрдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

8.1.6.улсын захиалгатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын хөрөнгийн ашиглалт, зарцуулалтын байдалтай танилцах, үр дүнд нь хянан магадлагаа хийлгэх, үнэлгээ, дүгнэлт гаргуулах, шаардлагатай тохиолдолд санхүүжилтийг зогсоох, хохирлыг барагдуулах асуудлыг шийдвэрлэх;

8.1.7.эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, семинар зохион байгуулах, мэргэжилтэн бэлтгэх арга хэмжээг санхүүжүүлэх;

8.1.8.эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэх, түүний үр дүнг ашиглахад зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжилт хийх, олгосон хөрөнгийг эргэж төлүүлэх арга хэмжээ авах;

8.1.9.шинжлэх ухаан, технологийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх;

8.1.10.шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

8.1.11.шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах, олгох журмыг батлах;

8.1.12.төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын захирал (дарга)-ын ажлын байрны тодорхойлолтод тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг тогтоох;

8.1.13.төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх;

8.1.14.эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулж урамшуулах;

8.1.15.шинжлэх ухаан, технологийн салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийн нэгдсэн бүртгэл хөтлөх, зохицуулах;

8.1.16. хуульд заасан бусад бүрэн эрх.

8.2.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 8.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тухайн асуудлаар гарсан Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн зөвлөмжийг харгалзан үзнэ.

9 дүгээр зүйл. Яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн бүрэн эрх

9.1.Яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөл нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаатай холбогдсон дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.эрхэлсэн салбарын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

9.1.2.салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн чадавхийг хөгжүүлэх;

9.1.3.салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох;

9.1.4.салбарын хэмжээнд хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн хөтөлбөр, төсөл боловсруулах, захиалах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

9.1.5.хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын тайланг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөх;

9.1.6.эрхэлсэн салбарын хэмжээнд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх;

9.1.7.эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

9.1.8.салбарын эрдэм шинжилгээний байгууллагын удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулах;

9.1.9.их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах;

9.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.

9.2.Яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах ба зөвлөлийг сайд толгойлно.

/Энэ хэсгийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10 дугаар зүйл. Шинжлэх ухааны академи

10.1.Шинжлэх ухааны академийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Монгол Улсын шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

10.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг, төрийн бус өмчийн шинжлэх ухааны академийн үйл ажиллагааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогч

[edit]

11 дүгээр зүйл. Эрдэм шинжилгээний байгууллага

11.1.Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг дагнан болон сургалт,үйлдвэрлэлтэй хослон гүйцэтгэдэг хуулийн этгээдийг эрдэм шинжилгээний байгуул­лага гэнэ.

11.2.Эрдэм шинжилгээний байгууллагыг дор дурдсан хэлбэрээр байгуулж болно:

11.2.1.хүрээлэн, төв, лаборатори, зохион бүтээх товчоо, туршилт-үйлдвэрлэл-үйлчилгээний бааз;

11.2.2.эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын байгуул­лага;

11.2.3.шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл;

11.2.4.төрийн болон орон нутгийн музей, үндэсний соёлын байгууллага.

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.3.Эрдэм шинжилгээний байгууллага нь өөрийн эрхэлсэн салбарын эрдэмтэн, мэргэжилтнийг оролцуулсан судалгаа, шинжилгээний ажлын чиглэл болон хэрэгжүүлж байгаа эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явц, үр дүнг хэлэлцэн, тэдгээрт үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий Эрдмийн зөвлөл байгуулан ажиллуулна.

11.4.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол эрдэм шинжилгээний байгууллага нь зохион байгуулалтын бүтцээ өөрөө тогтооно.

11.5.Энэ хуулийн 11.2.1-д заасан байгууллага нь үндсэн үйл ажиллагааныхаа чиглэлээр мэргэжлийн зэрэг ахиулах түр сургалт явуулах, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг нийтэд мэдээлэх, сурталчлах, эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргах эрхтэй.

11.6.Дээд боловсролын байгууллагыг энэ хуулийн 11.2.2-т заасан эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний үзүүлэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

11.7.Энэ хуулийн 11.2.2-т заасан байгуул­лага бүтэцдээ эрдэм шинжил­гээний хүрээлэн, төв, лаборатори, зохион бүтээх товчоо, туршилт-үйлдвэрлэл-үйлчилгээний бааз байгуулан ажиллуулах эрхтэй.

11.8.Энэ хуулийн 11.2.3-т заасан байгууллага нь эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх болон аж ахуйн үйл ажиллагааг хослон явуулах эрхтэй.

11.9.Энэ хуулийн 11.2.3-т заасан байгууллагын үйл ажиллагааг хэд хэдэн хуулийн этгээд гэрээний үндсэн дээр, эсхүл Иргэний хуулийн 25.4-т заасны дагуу хуулийн этгээдийн нэгдлийн хэлбэрээр эрхлэн гүйцэтгэж болох бөгөөд удирдлага, зохион байгуулалт, оролцогчдын эрх, үүргийг үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно.

11.10.Энэ хуулийн 11.2.3-т заасан байгууллагын эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажилтай холбогдсон харилцааг энэ хуулиар, үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

11.11.Энэ хуулийн 11.2.3-т заасан байгууллагын үлгэрчилсэн дүрмийг Засгийн газар батлах бөгөөд удирдлагыг нь Удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.

11.12.Энэ хуулийн 11.2.4-т заасан байгууллага нь өөрийн үйл ажиллагааны чиглэлд хамаарах судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дангаараа буюу эрдэм шинжилгээний бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд тэдгээрийг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний үзүүлэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

11.13.Эрдэм шинжилгээний байгууллага нь өөрийн нэр, албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг, харилцах данстай байх ба бэлгэ тэмдэг хэрэглэж болно.

11.14.Эрдэм шинжилгээний байгууллага нь зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон туршилт явуулах бусад нөхцөлөөр хангагдсан байх бөгөөд ийнхүү хангах үүргийг үүсгэн байгуулагч хүлээнэ.

12 дугаар зүйл. Эрдэм шинжилгээний байгууллагыг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах

12.1.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол дор дурдсан этгээд эрдэм шинжилгээний байгууллагыг үүсгэн байгуулах эрхтэй:

12.1.1.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой эрдэм шинжилгээний байгууллагыг Засгийн газар;

12.1.2.төрийн бус өмчийн эрдэм шинжилгээний байгуул­лагыг холбогдох хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагч нь.

12.2.Эрдэм шинжилгээний байгууллагыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.3.Эрдэм шинжилгээний байгууллагыг өөрчлөн байгуулах /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ асуудлыг үүсгэн байгуулагч нь шийдвэрлэнэ.

12.4.Эрдэм шинжилгээний байгууллагыг Иргэний хуулийн 32.1-д заасан үндэслэлээр татан буулгана.

12.5.Энэ хуулийн 12.1.1-д заасан байгууллагад төрийн өмчийн төлөөлөл ажиллуулах, төрийн өмчийн эзэмшил, ашиглалт, зарцуулалтад хяналт тавихтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна.

13 дугаар зүйл. Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтны нийтлэг эрх, үүрэг

13.1.Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтан дор дурдсан эрх эдэлнэ:

13.1.1.суурь, хавсарга судалгаа, шинжлэх ухаан, технологийн төслийг гүйцэтгэх шалгаруулалтад оролцох;

13.1.2.хууль тогтоомжоор нууцад хамааруулснаас бусад мэдээллийг чөлөөтэй олж авах;

13.1.3.хууль тогтоомжоор төрийн болон байгууллагын нууцад хамааруулснаас бусад эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлынхаа үр дүнг олон нийтэд мэдээлэх;

13.1.4.шинжлэх ухаан, технологийн чиглэлээр гадаад улс, олон улсын байгууллагаас зохион байгуулж буй эрдэм шин­жил­гээний хурал, зөвлөгөөн, чуулганд оролцох, судалгааныхаа ажлын үр дүнг мэдээлэх, харилцан мэдээлэл солилцох;

13.1.5.олон улсын болон дотоод, гадаадын шинжлэх ухааны байгууллага, нийгэм­лэг, холбоонд гишүүнээр элсэх, тэдгээрийн удирдлагад сонгогдох;

13.1.6.эрдэм шинжилгээний үйл ажиллагаа эрхлэх нөхцөл бололцоогоор хангагдах;

13.1.7.эрдэм шинжилгээний ажил болон бүтээлээ бодитойгоор үнэлүүлж, тохирсон шагнал, урамшуулал хүртэх, хуульд заасан хөнгөлөлт эдлэх;

13.1.8.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг харилцан солилцох, хэвлэн нийтлэх;

13.1.9.эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар зохион байгуулах, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл өгөх.

13.2.Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтан дор дурдсан үүрэг хүлээнэ:

13.2.1.шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны зарчим, эрдэм шинжилгээний ажилтны ёс зүй, нэр төрийг эрхэмлэн ажиллах;

13.2.2.шинжлэх ухаан, технологийн төсөл, туршилт, грантыг боди­той хэрэгжүүлэх;

13.2.3.үйлдвэрлэлийн технологийн туршил­т хийх бол байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх;

13.2.4.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын тайланг уг ажлыг дууссанаас хойш 60 хоногт багтаан шинжлэх ухаан, технологийн мэдээллийн санд хүргүүлж хадгалуулах;

13.2.5.эрдэм шинжилгээний ажлын явц, гүйцэтгэл, түүнчлэн санхүүжилтийн зориулалтаар олгосон хөрөнгийн зарцуулалтын мэдээ, тайланг захиа­лагч, санхүүжүүлэгч байгууллагын шаардсанаар тухай бүр үнэн зөв гаргаж өгөх;

13.2.6.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явц буюу үр дүнд байгаль орчин, хүн, мал, амьтны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхээр байдал илэрвэл мэргэжлийн байгууллагад мэдэгдэж дүгнэлт гаргуулах, уг байдал тогтоогдвол ажлаа зогсоох, учирч болох сөрөг нөлөөлөл, хохирлын талаар захиалагч, санхүүжүүлэгч, холбогдох бусад байгууллагад мэдэгдэх;

13.2.7.шинжлэх ухаан, технологийн салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийн тухай мэдээллийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захир­гааны төв байгууллагад бүртгүүлэх;

13.2.8.эрдэм шинжилгээнийх нь ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглахад хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилт

[edit]

14 дүгээр зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэр

14.1.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг дор дурдсан эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

14.1.1.улсын төсвөөс олгосон хөрөнгө;

14.1.2.орон нутгийн төсвөөс олгосон хөрөнгө;

14.1.3.гадаад улс, олон улсын байгууллагаас олгосон хөрөнгө;

14.1.4.гадаад улсын болон Монгол Улсын иргэн, байгууллага, хуулийн этгээдээс олгосон хөрөнгө, хандив, тусламж;

14.1.5.хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

15 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг санхүүжүүлэх журам

15.1.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг дараахь журмаар санхүүжүүлнэ:

15.1.1.Засгийн газрын захиалгатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр;

15.1.2.нутгийн захиргааны байгууллагын захиалгатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр;

15.1.3.аж ахуйн нэгж, байгууллага, иргэний захиал­гатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг захиа­лагчийн хөрөнгөөр.

15.2.Энэ хуулийн 15.1.1-д заасны дагуу санхүүжилт хийхдээ шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлд хамаарах суурь судалгаа, төслийг тэргүүн ээлжинд санхүүжүүлнэ.

15.3.Энэ хуулийн 15.1.2, 15.1.3-т заасан эх үүсвэрээс санхүүжүүлэх эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын хөгжлийг түргэтгэх, үр ашигтай шинэ салбарыг үүсгэн хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, экспортын нөөцийг өсгөх болон импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчим хүчээр хангах, байгаль орчныг хамгаалах зэрэг стратегийн асуудлыг судлан шийдвэрлэхэд чиглэгдэж байгаа бол уг ажлын тодорхой хэсгийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж болно.

16 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд санхүүжилт олгох журам

16.1.Энэ хуулийн 14.1.1, 14.1.2-т заасан эх үүсвэрээс санхүүжүүлэх эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг Засгийн газраас баталсан журмын дагуу хянан мага­д­ла­гаа хийж шалгаруулна.

16.2.Энэ хуулийн 16.1-д зааснаар шалгарсан эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг санхүүжүүлэхэд олгох хөрөн­гийн хэмжээг Зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

16.3.Энэ хуулийн 16.1-д заасан ажлын захиалагч нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага байх бөгөөд тэдгээр нь Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэгчтэй төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ байгуулна.

16.4.Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийн дагуу суурь, хавсарга судалгааг гүйцэтгэх бол тэдгээрт грант олгох, эсхүл уг байгууллагад санхүүжилт олгох замаар асуудлыг зохицуулж болно.

16.5.Энэ хуулийн 15.1.3-д заасны дагуу 14.1.3-14.1.5-д заасан эх үүсвэрээс гүйцэтгэх эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу санхүүжүүлнэ.

16.6.Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын барилга байгууламж, сорилт, туршилтын зориулалттай тоног төхөө­рөмжийн хэвийн ажиллагааг хангахтай холбогдсон зардлыг улсын төсөвт тусгах, санхүүжүүлэх асуудлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

17 дугаар зүйл. Захиалагчийн эрх, үүрэг

17.1. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын захиалагч дор дурдсан эрх эдэлнэ:

17.1.1.санхүү­жил­тийн зориулалтаар олгогдох хөрөнгийн талаар саналаа шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжлах;

17.1.2.гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол төслийг хэрэгжүүлэх явцад бий болсон хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг өмчлөх;

/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.1.3.ажлын явц, гүйцэтгэл, санхүүжилтийн тайлан, мэдээг гүйцэтгэгчээс гаргуулж авах;

17.1.4.төслийн санхүүжилтэд аудит хийлгэж дүгнэлт гаргуулах;

17.1.5.төслийн гүйцэтгэл гэрээнд заасан шаардлага хангаагүй бол олгосон хөрөнгийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах;

17.1.6.захиалсан эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах асуудлыг гүйцэтгэгчтэй хамтран шийдвэрлэх;

17.1.7.төслийн гүйцэтгэлтэй холбогдсон маргааныг хол­богдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

17.1.8. хууль, гэрээнд заасан бусад эрх.

17.2. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын захиалагч дор дурдсан үүрэгтэй:

17.2.1.захиалсан эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын санхүүжүүлэгчтэй гэрээ байгуулах;

17.2.2.санхүүжүүлэгчээс олгосон хөрөнгийн ашиглалт, зарцуу­лалтад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах;

17.2.3.гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч хянан, баталгаажуулах арга хэмжээг уг ажлын үр дүнг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх;

17.2.4.захиалсан ажлынхаа санхүүжилтийн сар, улирлын хуваарийг санхүүжүүлэгчтэй хамтран тодорхойлох;

17.2.5. /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

17.2.6.Шинжлэх ухаан, технологийн сантай хамтарсан төсөл хэрэгжүүлэх бол уг төсөлд оруулах өөрийн хөрөнгийг Санд байршуулж зарцуулах.

17.3. /Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

17.4. /Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

17.5.Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрхэн нэвтрүүлж ашигласан талаар Зөвлөлд хоёр жил тутамд тайлагнана.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

18 дугаар зүйл. Гүйцэтгэгчийн эрх, үүрэг

18.1. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын гүйцэтгэгч дор дурдсан эрх эдэлж үүрэг хүлээнэ:

18.1.1.гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын зардал төлөвлөсөн хэмжээнээс нэмэгдэхээр байвал энэ тухай саналаа захиалагчид тавьж шийдвэрлүүлэх;

18.1.2.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхийг захиалагчаас шаардах;

18.1.3.захиалагч үүргээ биелүүлээгүй бол гэрээг цуцлах санал тавьж шийдвэрлүүлэх;

18.1.4. /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

18.1.5.гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлэх, хөрөнгө зардлыг оновчтой хуваарилж, үр ашигтай зарцуулах, үр дүнг тоо, чанарын хувьд захиалсан түвшингээс нь бууруулахгүйгээр боловсруулж захиалагчид хүлээлгэн өгөх;

18.1.6.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явцад гэрээнд заасан үр дүнд хүрэх бололцоогүй нь нотлогдсон, эсхүл давагдашгүй хүчин зүйл, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас уг ажлыг цаашид хэрэгжүүлэх бололцоогүй болсон бол энэ тухайгаа захиалагчид даруй мэдэгдэх;

18.1.7. захиалгат ажлыг гүйцэтгээгүй буюу дутуу гүйцэтгэсэн, эсхүл үр дүн нь гэрээнд заасан шаардлага хангаагүй бол доголдлыг арилгах, чанарын зохих түвшинд хүргэх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх, эсхүл олгосон хөрөнгийг нөхөн төлөх;

18.1.8.гадаад, дотоодын байгуул­лага, хуулийн этгээд, иргэний хөрөнгөөр гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын гүйцэтгэгч нь уг ажлын сэдвийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэх.

ТАВДУГААР БҮЛЭГ. Эрдэм шинжилгээний ажилтан, түүний нийгмийн баталгаа

[edit]

19 дүгээр зүйл. Эрдэм шинжилгээний ажилтан

19.1.Эрдэм шинжилгээний ажилтан нь шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь болон хавсарга судалгааны сэдэвт ажил, олон улсын судалгааны хамтарсан төсөл, хөтөлбөрт үндсэн гүйцэтгэгчээр ажиллах эрхтэй.

19.2.Эрдэм шинжилгээний ажилтанд дор дурдсан зэрэг дэв олгоно:

19.2.1.эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан;

19.2.2.эрдэм шинжилгээний ахлах ажилтан;

19.2.3.эрдэм шинжилгээний дэд ажилтан;

19.2.4.эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан.

19.3.Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

19.4.Судалгааны ажлын арга барил эзэмшсэн байдал, ур чадварынх нь түвшин, ажлын үр дүнг үнэлэх, зэрэг дэвийг ахиулах зорилгоор эрдэм шинжилгээний ажилтныг 4 жил тутамд аттестатчилалд хамруулах бөгөөд журмыг нь шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

20 дугаар зүйл. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүй

20.1.Эрдэм шинжилгээний ажилтан нь энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг болон эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллана.

20.2.Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрмийг эрдэм шинжилгээний байгууллагуудын саналыг харгалзан шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

20.3.Энэ хуулийн 20.2-т заасан ёс зүйн дүрмийг зөрчсөн эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийг бууруулна.

21 дүгээр зүйл. Эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн баталгаа

21.1.Эрдэм шинжилгээний ажилтан дор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:

21.1.1.мэдлэг чадвар, ажлынхаа үр дүнд тохирсон цалин, нэмэгдэл хөлс, зэрэг дэв, цол, ур чадварын нэмэгдэл, нөхөх олговор, тусламж, шагнал урамшуулал авах, хуульд заасан бусад хөнгөлөлт эдлэх;

21.1.2.орон сууц барих буюу худалдан авах зориулалтаар буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах;

21.1.3.энэ хуулийн 11.2-т заасан байгууллагад тасралтгүй 25 ба түүнээс дээш жил эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил эрхэлсэн эрдэм шинжилгээний болон инженер-техникийн ажилтан, лаборан­т өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол ажиллаж байгаа байгууллагаас нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох;

/Энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.1.4.иргэн, хуулийн этгээд, нутгийн захиргааны байгууллагын захиалгаар эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэсэн бол захиалагчаас нэмэгдэл цалин, урамшил, бусад дэмжлэг авах;

21.1.5. хуульд заасан бусад баталгаа.

21.2.Улсын төсвөөс санхүүждэг эрдэм шинжилгээний байгууллагын ажилтны цалингийн сүлжээ, тэдгээрт нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журмыг Засгийн газар батална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ. Бусад зүйл

[edit]

22 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал

22.1.Шинжлэх ухаан, технологийн салбарт дор дурдсан шагнал олгоно:

22.1.1.суурь, хавсарга судалгаа эрхэлж байгаль, нийгмийн шинэ үзэгдэл, хуулийг тодорхойлж, шинжлэх ухааны нээлт хийсэн иргэн, судлаачдын хамтлагт "байгаль, нийгмийн ухааны шагнал";

22.1.2.өндөр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж ашигласан байгууллага, иргэнд "технологийн дэвшлийн шагнал";

22.1.3.Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, байгууллагад "шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал".

22.2. Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам, шагналын хэмжээг Монгол Улсын Засгийн газар батална.

23 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа

23.1.Хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, гадаад улс, тэдгээрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний байгууллага байгуулах эрхтэй.

23.2.Гадаад улс, олон улсын байгууллагаас Монгол Улсад олгосон зээл, тусламжийн 1-ээс доошгүй хувийг эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, эрдэм шинжилгээний ажлын сорилт, туршилтын баазыг бэхжүүлэхэд зарцуулна.

23.3.Монгол Улсын харьяат эрдэмтэн, түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн нь гадаад улс болон олон улсын шинжлэх ухааны нийгэмлэг, холбоо, сүлжээнд гишүүнээр элсэх эрхтэй.

24 дүгээр зүйл. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, маргааныг хянан шийдвэрлэх

24.1.Шинжлэх ухаан, техно­логийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд хяналт тавина.

/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.2.Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж буй шинжлэх ухаан, технологийн төслийн талаархи өргөдөл, гомдлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж шийдвэрлүүлнэ.

24.3.Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж буй шинжлэх ухаан, технологийн төслийн талаар захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгчийн хооронд гарсан маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

25 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

25.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

25.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ


This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.