Монгол Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль (1991)
/Энэ хуулийг 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1991 оны 6 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
[edit]1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Тайлбар:Энэ хуульд заасан "хэрэглэгч" гэж бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээр хэрэгцээгээ хангах гэж байгаа буюу хангаж байгаа худалдан авагч, захиалагч, үүрэг гүйцэтгүүлэгч хувь хүнийг хэлнэ.
2 дугаар зүйл.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж
1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж нь энэ хууль болон үүнтэй нийцүүлэн гаргасан Монгол Улсын хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөр журам тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг мөрдөнө.
ХОЁРДУГААР БҮЛЭГ - ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНДСЭН ЭРХ, ТҮҮНИЙГ ХАМГААЛАХ
[edit]3 дугаар зүйл.Чанартай бүтээгдэхүүн хэрэглэх
1.Хэрэглэгч нь эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, барилгын болон эрүүл ахуйн норм, фармакопей, жор, түүнчлэн гэрээний болзлын шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ /энэ хуульд цаашид "бүтээгдэхүүн" гэх/ хэрэглэх эрхтэй.
2.Үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүний чанар, үнэ, үйлдвэрлэсэн он, сар, өдөр болон баталгаат хугацааны талаар түүний сав, баглаа боодол, шошго, ашиглах /хэрэглэх/ зааварт тусгана.
4 дүгээр зүйл.Бүтээгдэхүүний хэрэглээний аюулгүй байдлыг баталгаажуулах
1.Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд гэм хор учруулж болзошгүй бүтээгдэхүүний хэрэглээний аюулгүй байдлыг дор дурдсанаар баталгаажуулна:
1/ийм бүтээгдэхүүнд тавих шаардлагыг улсын стандартаар тогтоох, уул бүтээгдэхүүнийг эрх бүхий байгууллага улсын бүртгэлд бүртгэж, үйлдвэрлэх зөвшөөрөл олгох;
2/үйлдвэрлэгч, гүйцэтгэгч улсын стандартыг заавал мөрдөх;
3/ийм бүтээгдэхүүнийг чанарын баталгаагүйгээр үйлдвэрлэх, худалдах, импортлохыг хориглох;
4/Стандартчиллын төв болон ттүнээс эрх авсан баталгаажуулалтын байгууллага ийм бүтээгдэхүүнд чанарын баталгаа /сертификат/-г олгох.
/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Үйлдвэрлэгч, худалдагч нь хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд гэм хор учруулж болзошгүй бүтээгдэхүүн, түүний сав, баглаа боодол, шошгод олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэдэг таних тэмдэг, бичээсийг ил тод тавих үүрэгтэй.
3.Үйлдвэрлэгч нь хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд гэм хор учруулж болзошгүй, түүнчлэн түргэн муудаж, чанар байдлаа алддаг бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, ашиглах буюу хэрэглэхэд тавих шаардлагыг бүтээгдэхүүний ашиглах /хэрэглэх/ заавар, холбогдох бусад баримт бичигт тусгах үүрэгтэй.
4.Үйлдвэрлэснээс хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд гэм хор учруулж болзошгүй бүтээгдэхүүний эдэлгээний /хүчинтэй байх/ хугацаа дууссан бол түүнийг зориулалтаар нь борлуулах, худалдахыг хориглоно.
5 дугаар зүйл.Эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах
1.Хэрэглэгч нь эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалж, үйлдвэрлэгч, гүйцэтгэгч, худалдагчийн буруугаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй.
2.Хэрэглэгч нь согог гэмтэлтэй, иж бүрдэлгүй, чанарын зохих шаардлага хангаагүй бүтээгдэхүүний үнэ, ажил, үйлчилгээний хөлс /тариф/ /цаашид "үнэ, хөлс" гэх/-ийг бууруулахыг шаардаж болно.
3.Согог гэмтэлтэй, иж бүрдэлгүй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдан авснаас хэрэглэгчид учирсан хохирлыг дор дурдсанаар нөхөн төлнө:
1/худалдагч нь бүтээгдэхүүний чанарын доголдол, согог гэмтэл, иж бүрдлийн талаар урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд уг бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн шаардлагаар нэн даруй, ийм боломжгүй бол хэрэглэгчтэй тохиролцсон хугацаанд, эсхүл тухайн бүтээгдэхүүнийг худалдагчид нийлүүлсэн үед нь эхний ээлжинд сольж буюу иж бүрдүүлж өгөх.
2/баталгаат хугацааны дотор хэрэглэгчийн буруу биш шалтгаанаар тухайн бүтээгдэхүүн хэрэгцээ хангахгүй болсон буюу нуугдмал согог гэмтэлтэй нь тогтоогдвол худалдагч түүнийг сольж, эсхүл хэрэглэгчтэй тохиролцсон хугацаанд үнэ төлбөргүй засварлаж өгөх. Хэрэв ийм боломжгүй буюу хэрэглэгч шаардсан бол гэрээг цуцлан бүтээгдэхүүний үнэ, хөлсийг бүрнээр буюу үнэ, хөлсний зөрүүг буцааж өгөх.
4.Хэрэглэгчийн эд материалыг ашиглан ажил, үйлчилгээ гүйцэтгэхдээ гэрээний болзлыг хангаагүйгээс хэрэглэгч ажил, үйлчилгээг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэгч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол ижил нэр төрөл, чанарын эд материалаар гэрээний болзлыг хангасан ажил, үйлчилгээг гүйцэтгэж өгнө.
5.Энэ зүйлийн гурав дахь хэсэгт заасан бүтээгдэхүүнийг эргүүлэн авах, хэрэглэгчид хүргэж өгөх зардлыг худалдагч хариуцна.
6.Бүтээгдэхүүний чанар, согог гэмтэл, иж бүрдлийн талаар хэрэглэгчийн тавьсан гомдол үндэслэлгүй болох нь нотлогдсон, хэрэглэгч нь ашиглах, тээвэрлэх, хадгалах журам зөрчсөн тохиолдолд холбогдох зардал, хохирлыг худалдагч хариуцахгүй.
6 дугаар зүйл.Бүтээгдэхүүний талаар үнэн зөв, бүрэн мэдээлэл авах
1.Хэрэглэгч нь бүтээгдэхүүний талаар үнэн зөв, бүрэн мэдээлэл авах эрхтэй.
2.Үйлдвэрлэгч, худалдагч нь бүтээгдэхүүнийхээ талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө:
1/үйлдвэрлэгч, худалдагчийн нэр, хаяг, барааны тэмдгийн талаар;
2/бүтээгдэхүүний зориулалт, хэрэглээний шинж чанарын талаар;
3/бүтээгдэхүүнийг хадгалах, хэрэглэх аргын талаар;
4/бүтээгдэхүүний нэр төрөл, үнэ, тарифын талаар;
5/бүтээгдэхүүний хэмжээ, хэмжих нэгж, чанарын талаар;
6/бүтээгдэхүүний баталгааг болон эдэлгээний хугацааны талаар;
7/бүтээгдэхүүнийг аюул осолгүй хэрэглэх тухай.
3.Үйлдвэрлэгч, худалдагчаас хэрэглэгчийг зориуд төөрөгдүүлсэн мэдээлэл хийхийг хориглоно.
4.Хэрэглээнд гаргасан бүтээгдэхүүн хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд гэм хор учруулж болох нь нотлогдвол энэ тухай үйлдвэрлэгч, худалдагч олон нийтэд нэн даруй мэдээлэх үүрэгтэй.
7 дугаар зүйл.Бүтээгдэхүүнийг сонгож авах
1.Хэрэглэгч нь бүтээгдэхүүнийг өөрийн үзэмжээр сонгон авах эрхтэй.
2.Бүтээгдэхүүний чанар, бүрэн бүтэн байдал, иж бүрдэл, жин, хэмжээ, үнийг шалган үзэх, аюулгүй ажиллагааны болон ашиглах /хэрэглэх/ заавартай танилцах зэргээр хэрэглэгчээс бүтээгдэхүүнийг сонгож авах бүх талын бололцоог худалдагч бүрдүүлнэ.
3.Бүтээгдэхүүнийг хэрэглэгчид тулган худалдах, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно.
8 дугаар зүйл.Хэрэглээний соёл эзэмших
1.Хэрэглэгч нь хэрэглээний соёл эзэмших, энэ талаар сурах бололцоогоор хангагдах эрхтэй.
2.Хэрэглэгч худалдаа, үйлчилгээний дэг журмыг сахин биелүүлж, бүтээгдэхүүний чанар, бүрэн бүтэн байдал, иж бүрдэл, жин, хэмжээ, нэр төрөл, үнийг газар дээр нь шалгаж авна.
3.Хэрэглэгч бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах /хэрэглэх/ зааврыг мөрдөнө.
9 дүгээр зүйл.Бүтээгдэхүүний талаар гомдол гаргах
1.Хэрэглэгч бүтээгдэхүүний талаар өөрөө буюу өөрийн хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан гомдлын шаардлага гаргаж болно.
2.Хэрэглэгчийн гомдлыг дор дурдсанаар шийдвэрлэнэ:
1/хэрэглэгч гомдлын шаардлагаа эхлээд худалдагчид гаргах бөгөөд худалдагч нь түүнийг барагдуулахаас үндэслэлгүйгээр татгалзвал энэ тухай гомдлоо улсын хяналтын холбогдох байгууллагад гаргана;
2/хэрэглэгч улсын хяналтын холбогдох байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана.
10 дугаар зүйл.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг орон нутгийн Хурлын гүйцэтгэх захиргаа, улсын хяналтын холбогдох байгууллага хэрэгжүүлнэ.
2.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар олон нийтийн хяналт тавьж болно.
10-1 дүгээр зүйл.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын эрх
1/бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд мэргэжлийн хяналын эрх бүхий байгууллагатай хамтран үзлэг, шинжилгээ явуулж дүгнэлт гаргуулах;
2/худалдаа, ахуйн болон бусад төрлийн үйлчилгээний журам, хэрэглэгчийн эрхийг хамгаалсан хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, дүнг нийтэд мэдээлэх;
3/хүний амь нас, эрүүл мэнд, хэрэглэгчийн эд хөрөнгө болон хүрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалтыг зогсоох талаар мэргэжлийн хяналтын эрх бүхий байгууллага, улсын байцаагчид хандах;
4/бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах талаар төрийн байгууллага, аж ахуйн нэгжид санал, шаардлага тавих;
5/хүний амь нас, эрүүл мэнд, хэрэглэгчийн эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгүй буюу чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, борлуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага хүлээлгэхээр холбогдох байгууллагад санал гаргах;
6/хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид заасан эрх нь зөрчигдсөн хэрэглэгчийн итгэмжлэлээр эрх ашгийг нь хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах;
7/хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүрэг бүхий улсын хяналтын байгууллагын үйл ажиллагааны талаар санал, дүгнэлт гаргах.
/Энэ зүйлийг 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
11 дүгээр зүйл.Хариуцлага
1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомж зөрчсөн үйлдвэрлэгч, худалдагчид улсын хяналтын холбогдох байгууллага дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:
/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
1/энэ хуулийн 4 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 2, З, дөрөв дэх хэсэгт заасныг зөрчсөн, түүнчлэн 6 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй буруутай иргэнд 50000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжид 200000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулж, уг бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг хурааж улсын орлогод оруулна;
/Энэ заалтад 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2/энэ хуулийн 4 дүгээр зүйлийн хоёр, гурав дахь хэсгийн заалтыг зөрчсөн буруутай иргэнд 40000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжид 140000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулна;
/Энэ заалтад 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3/энэ хуулийн 6 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн заалтыг зөрчсөн буруутай иргэнд 30000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжид 100000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулж, олсон орлогыг хурааж улсын орлогод оруулна;
/Энэ заалтад 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
4/энэ хуулийн 7 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн заалтыг зөрчиж хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээний үндсэн дээр бүтээгдэхүүн борлуулсан буруутай худалдагчийн гэрээг хүчингүйд тооцож, олсон орлогыг хурааж улсын орлогод оруулна.
2.Хэрэглэгчийн эдийн засгийн ашиг сонирхлыг хохироосон худалдагч гэрээнд өөрөөр заагаагүй бол дор дурдсан хариуцлага хүлээнэ:
1/энэ хуулийн 5 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн 1-д заасан хугацааг зөрчвөл хугацаа хэтэрсэн хоног тутам бүтээгдэхүүний үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хэрэглэгчид төлнө. Алдангийн нийт хэмжээ бүтээгдэхүүний үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй;
/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2/энэ хуулийн 5 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасны дагуу дахин гүйцэтгэх боломжгүй буюу хэрэглэгч шаардсан бол гэрээг цуцлан хэрэглэгчид учирсан хохирлыг нөхөн төлнө;
/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3/гүйцэтгэгч нь ажил, үйлчилгээ гүйцэтгэхээр хүлээн авсан хэрэглэгчийн эд материалыг үрэгдүүлсэн, чанарыг муутгасан, өөр эд материалаар сольсон тохиолдолд эд материалын гэрээнд заасан үнийг гурав дахин нугалж төлнө;
4/гүйцэтгэгч нь ажил, үйлчилгээг гэрээт хугацаанд гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн ажил, үйлчилгээний гэрээнд заасан үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хэрэглэгчид төлнө. Алдангийн нийт хэмжээ тухайн ажил, үйлчилгээний үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.
/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3.Хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд гэм хор учруулж болох нь зохих мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр батлагдсан тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлээс хасах, гүйлгээнээс гаргах, ажил, үйлчилгээг зогсоох, хэрэглэгчдээс буцааж авах асуудлыг төв, орон нутгийн хяналтын эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ.
12 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1991 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |