Jump to content

Монгол Улсын Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль

From Wikisource
Монгол Улсын Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль (2006)
321647Монгол Улсын Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль2006

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Нийтлэг үндэслэл

[edit]

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Зөвшөөрлийн тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.2. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх зэрэг эмийн, түүнчлэн цацраг идэвхт болон хүнсний зориулалттай химийн бодистой холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.

2.3. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. "химийн хорт бодис" гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг;

3.1.2. "химийн аюултай бодис" гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг;

3.1.3. "хориглосон химийн бодис" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэглэхийг хориглосон химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн нэгдлийг;

3.1.4. "хязгаарласан химийн бодис" гэж зөвхөн зөвшөөрсөн газарт, заасан зориулалт, хэмжээ, технологийн дагуу тодорхой хяналтын дор хэрэглэхийг зөвшөөрсөн химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн нэгдлийг;

3.1.5. "пестицид" гэж мал, амьтан, ургамлыг аливаа өвчнөөс сэргийлэх, хөнөөлт шавж, мэрэгч, хогийн ургамлаас хамгаалах зориулалттай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг;

3.1.6. "химийн хорт болон аюултай бодисын хаягдал" гэж олон улсын гэрээгээр ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодис, түүнчлэн хадгалах, ашиглах хугацаа дууссан буюу чанарын шаардлага хангахгүй болсон, тэрчлэн нэр томъёо, ашиглах хугацаа тодорхойгүй химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн үлдэгдэл болон сав, баглаа боодлыг;

3.1.7. "химийн хорт болон аюултай бодисыг устгах" гэж химийн хорт болон аюултай бодис, тэдгээрийн хаягдлыг хоргүй ба аюулгүй болгон зайлуулахыг;

3.1.8. "эрсдлийн үнэлгээ" гэж химийн хорт болон аюултай бодис, тэдгээрийн нэгдэлтэй харьцах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг судлан тогтоож, үнэлгээ өгөх, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах талаар авах арга хэмжээг тодорхойлохыг;

3.1.9. "хүлцэх хэмжээ" гэж химийн хорт болон аюултай бодисын хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх хамгийн дээд агууламжийг.

4 дүгээр зүйл. Химийн хорт болон аюултай бодисын ангилал

4.1.Химийн бодисыг шинж чанар болон хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь:

4.1.1.хортой;

4.1.2. аюултай гэж тус тус ангилна.

4.2. Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

/Дээрх 4 дүгээр зүйлийг 2008 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааны зөвшөөрөл

5.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.14-т заасан тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.2.Энэ хуулийн 5.1-д заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

6 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах

6.1. Химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1. химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмыг батлах;

/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.2. химийн хорт болон аюултай бодис хадгалах, ашиглах, устгах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батлах;

/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.3. ашиглаж болох пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалт, тэдгээрийн ашиглалтын хэмжээг хүнс, хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран жил бүр шинэчлэн батлах;

6.1.4. энэ хуулийн 6.1.3-т заасан бодисыг турших, ашиглах журмыг хүнс, хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;

6.1.5. химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ хийх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батлах;

6.1.6. Монгол Улсад ашиглахыг хориглосон буюу хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг тухай бүр шинэчлэн баталгаажуулах арга хэмжээ авч олон улсын байгууллагад мэдээлэх;

6.1.7. химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагааны мэдээ, тайланг нэгтгэж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

6.1.8. химийн хорт болон аюултай бодис ашигласан үйл ажиллагааны нэгдсэн тайланг жил бүр гаргах;

6.1.9. химийн хорт болон аюултай бодис ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, шаардлагатай зөвлөмж гаргах;

6.1.10. химийн хорт болон аюултай бодисын асуудлаар олон улсын байгууллагатай мэдээлэл солилцох, эдгээр бодисын физик, химийн болон хор аюулын шинж чанар, осол, эрсдлийн үед авах арга хэмжээ, тухайн бодис, түүний хольц, хаягдлыг устгах аргачлал, тээвэрлэх аргын талаархи мэдээллээр иргэдийг хангах;

6.1.11. Монгол Улсын нэгдэн орсон химийн хорт болон аюултай бодисын талаархи олон улсын гэрээг хэрэгжүүлэх ажлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд эрхлэх;

6.1.12. химийн хорт болон аюултай бодисын нөлөөллөөс үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд учирсан хор хөнөөлийг арилгахад олон улсын байгууллагаас тусламж хүсэх саналыг Засгийн газарт тавих;

6.1.13.байгаль орчинд онцгой хор хөнөөл учруулж болзошгүй нөлөө бүхий химийн хорт болон аюултай бодис импортлох, худалдах эрх олгох.

/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.2. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Үндэсний зөвлөл Ерөнхий сайдын дэргэд, салбар зөвлөл холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллах бөгөөд Үндэсний зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.

6.3. Цэргийн зориулалттай химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах бөгөөд энэхүү үйл ажиллагаатай холбогдолтой тайлан, мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

6.4. Энэ хуулийн 6.1.6-д заасан хориглосон буюу хязгаарласан бодисын жагсаалтыг Засгийн газар батална.

6.5.Энэ хуулийн 6.4-т заасан жагсаалтад орсон тухайн бодисын бүртгэл хөтлөх, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах, импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

/Энэ хэсгийг 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.6.Энэ хуулийн 6.4-т заасан жагсаалтад орсон бодисын ашиглах болон ашиглахыг хориглох салбар, ашиглах хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно.

/Энэ хэсгийг 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл. Мэдээллийн нэгдсэн сан

7.1. Энэ хуулийн 6.1.7-д заасан мэдээллийн нэгдсэн сан нь химийн хорт болон аюултай бодисын олон улсын мэдээллийн сан, түүний жишигт нийцүүлэн бүрдүүлсэн улсын мэдээллийн нэгдсэн сангаас бүрдэнэ.

7.2. Эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, хил, гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллага нь салбарын чиг үүрэгтэй уялдсан химийн хорт болон аюултай бодисын мэдээллийн сантай байх бөгөөд эдгээр нь энэ хуулийн 7.1-д заасан мэдээллийн нэгдсэн сангийн бүрэлдэхүүнд багтаж түүнтэй сүлжээгээр холбогдсон байна.

7.3. Энэ хуулийн 7.2-т заасан сангаас мөн хуулийн 6.1.10-д заасан мэдээ, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үнэ төлбөргүй олгоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. Химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулахад тавих үндсэн шаардлага

[edit]

8 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодисоос хамгаалахад тавих үндсэн шаардлага

8.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, гарсан хор уршгийг арилгах арга хэмжээг өөрийн зардлаар авч хэрэгжүүлнэ.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь холбогдох хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөнө.

8.3.Химийн хорт болон аюултай бодис, тэдгээрийн нэгдлийг химийн зэвсгийн болон хорлон сүйтгэх үйл ажиллагааны зориулалтаар экспортлох, импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулахыг хориглоно.

9 дүгээр зүйл. Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэхэд тавих үндсэн шаардлага

9.1.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, үйлдвэрлэх, ашиглах зөвшөөрөл авахдаа тухайн бодисын талаар дараахь мэдээллийг бүрдүүлнэ :

9.1.1. бодисын нэр, томъёо;

9.1.2. худалдааны болон техникийн нэр;

9.1.3. олон улсын бүртгэлийн дугаар;

9.1.4. ашиглах газар, зориулалт, хугацаа, тоо хэмжээ;

9.1.5. физик, химийн болон хор аюулын шинж чанар;

9.1.6. болзошгүй осол, эрсдлийн үед авах арга хэмжээ;

9.1.7. үйл ажиллагаа явуулах ажлын байрны дүгнэлт;

9.1.8. тухайн бодис, түүний хольц, хаягдлыг устгах аргачлал, тээвэрлэх арга.

9.1.9.зөвшөөрөл хүссэн бодисын тоо хэмжээ, улсын хилээр нэвтрүүлэх боомт;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.10.хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.11.үйлдвэрлэгч, эсхүл албан ёсны борлуулагчаас тухайн химийн бодисыг дагалдуулан өгсөн англи, эсхүл орос хэл дээрх хор аюулын лавлах мэдээлэл, бусад улсын хэлээр бол түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулга;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.12.зөвхөн шинжилгээ, судалгааны зориулалтаар ашиглагдах Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон стандарт уусмал, бодис болон Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон химийн бодисын хувьд химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн дүгнэлт;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.13.химийн хорт болон аюултай бодисыг экспортлох зөвшөөрөл авахыг хүссэн хүн, хуулийн этгээд тухайн бодисыг олон улсын хэмжээнд болон хоёр талын хооронд худалдаалж болох эрх зүйн үндэслэл, хортой, аюултай бүтээгдэхүүнийг хил дамжуулан тээвэрлэх олон улсын конвенци, гэрээ, хэлэлцээрийн шаардлагыг хангасан тухай танилцуулга болон нийлүүлэгч, хүлээн авагч, тээвэрлэгч талуудын хооронд хийсэн гэрээ, хэлэлцээрийн эх хувь, түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулга;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.14.химийн хорт болон аюултай бодис импортлох зөвшөөрөл авахыг хүссэн хүн, хуулийн этгээд нь нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, хэлэлцээрийн монгол, англи, орос хэл дээрх эх хувь, бусад улсын хэлээр бол монгол хэл дээрх албан ёсны орчуулга;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.15.химийн хорт болон аюултай бодис хил дамжуулан тээвэрлэх зөвшөөрөл авахыг хүссэн хүн, хуулийн этгээд нь нийлүүлэгч, хүлээн авагч, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх асуудлыг хариуцсан этгээдийн хооронд хийсэн гэрээ, хэлэлцээрийн эх хувь болон түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулга;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.1.16.химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх зөвшөөрөл авахыг хүссэн хүн, хуулийн этгээд нь химийн хорт болон аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ бүхий байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, улсын комиссын акт, дүгнэлтийн хуулбар, үйлдвэрлэх химийн бодисын хор аюулын лавлах мэдээлэл.

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.2.Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэхдээ энэ хуулийн 6.1.1-д заасны дагуу батлагдсан журмыг мөрдөнө.

10 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодис хадгалахад тавих үндсэн шаардлага

10.1.Химийн хорт болон аюултай бодис хадгалах агуулахын байршлыг холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн зохих шатны Засаг дарга тогтооно.

10.2.Химийн хорт болон аюултай бодисыг түүний онцлог шинж чанарыг нь харгалзан зориулалтын тусгай агуулахад энэ хуулийн 6.1.2-т заасны дагуу батлагдсан журмыг баримтлан хадгална.

10.3.Хадгалж байгаа химийн хорт болон аюултай бодисын сав, баглаа боодол нь тухайн бодисын нэр, анхааруулах тэмдэг, аюулын шинж чанарыг тод, томоор бичсэн шошготой байна.

Химийн хорт болон аюултай бодис алдагдсан тохиолдолд түүнийг эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь цагдаа, тагнуулын болон холбогдох бусад байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэж, эрэн сурвалжлах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд бүх талын туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

11 дүгээр зүйл.Химийн хорт болон аюултай бодис худалдахад тавих үндсэн шаардлага

11.1. Тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт болон аюултай бодис худалдахдаа худалдан авсан этгээдийн хаяг, бодисын нэр, төрөл, хэмжээ, ашиглах зориулалтыг заасан баримтыг 2 хувь үйлдэн баталгаажуулж, нэг хувийг худалдан авагчид , үлдсэн хувийг өөртөө хадгална.

11.2. Химийн хорт болон аюултай бодисыг энэ хуулийн 6.1.1-д заасны дагуу батлагдсан журмыг баримтлан тусгай цэгээр дамжуулан хүнсний болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүнээс тусад нь худалдана.

12 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодис тээвэрлэхэд тавих үндсэн шаардлага

12.1. Химийн хорт болон аюултай бодисыг энэ хуулийн 6.1.2-т заасны дагуу батлагдсан журмыг баримтлан техникийн болон аюулгүйн шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэх бөгөөд уг тээврийн хэрэгсэлд анхааруулах тэмдэг, аюулын шинж чанарын тухай санамж байрлуулна. .

12.2. Химийн хорт болон аюултай бодис тээвэрлэсний дараа тээврийн хэрэгслийг хоргүйжүүлж аюулгүй болгоно.

12.3. Химийн хорт болон аюултай бодисыг хүн, мал, амьтан болон бараа бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэхийг хориглоно.

12.4. Химийн хорт болон аюултай бодисыг шуудангаар илгээх, нийтийн тээврийн хэрэгслээр болон ердийн хөсгөөр тээвэрлэхийг хориглоно.

13 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодис ашиглахад тавих үндсэн шаардлага

13.1. Химийн хорт болон аюултай бодис ашиглахтай холбоотой үйл ажиллагааг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан зориулалтын байр, талбайд явуулна.

13.2. Химийн хорт болон аюултай бодис ашиглах явцад тухайн ажлын байр болон байгаль орчинд эрх бүхий байгууллагаас тогтоосон химийн хорт болон аюултай бодисын хүлцэх хэмжээг хэтрүүлэхийг хориглоно.

13.3. Химийн хорт болон аюултай бодис ашиглах аж ахуйн нэгж, байгууллага өөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг боловсруулан нутаг дэвсгэрийнхээ байгаль орчны болон эрүүл ахуйн улсын байцаагчаар хянуулж мөрдөнө.

13.4. Химийн хорт болон аюултай бодистой харьцах ажилд мэргэжлийн зохих мэдлэг, дадлага туршлагатай 18-аас дээш настай хүнийг ажиллуулна.

13.5. Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг химийн хорт болон аюултай бодистой харьцах ажилд ажиллуулахыг хориглоно.

13.6. Аж ахуйн нэгж, байгууллага нь химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажиллагчдад аюулгүй ажиллагаа, болзошгүй осол, эрсдлээс сэргийлэх болон анхны тусламж үзүүлэх сургалтыг өөрийн зардлаар зохион байгуулна.

13.7. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, зарцуулалтын бүртгэл хөтөлж, тайлан мэдээг сум, дүүргийн Засаг даргад жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор, төрийн захиргааны төв байгууллагад дараа оны 1 дүгээр сард багтаан хүргүүлнэ.

13.8. Нэр төрөл, шинж чанар, хэрэглэх заавар нь тодорхой бус химийн хорт болон аюултай бодисыг эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулаагүй нөхцөлд ашиглахыг хориглоно.

13.9. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь химийн хорт болон аюултай бодисыг ашиглахдаа энэ хуулийн 6.1.2-т заасны дагуу батлагдсан журмыг мөрдөнө.

14 дүгээр зүйл. Химийн хорт болон аюултай бодис устгахад тавих үндсэн шаардлага

14.1.Химийн хорт болон аюултай бодисын хаягдал устгах үйл ажиллагааг Хог хаягдлын тухай хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14.2. Энэ хуулийн 14.1-д заасан Комисс химийн хорт болон аюултай бодисын хаягдал устгасан тухай акт үйлдэж, сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх

15.1. Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн байгууллага хяналт тавина.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.2. Хилээр нэвтрүүлж байгаа химийн хорт болон аюултай бодисыг гаалийн байгууллага бүртгэж, мэдээг улирал тутам байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.3. Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтыг Засгийн газар тогтооно.

15.4. Зохих зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

16 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодисын хүлцэх хэмжээг тогтоох

16.1. Химийн хорт болон аюултай бодисын хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн хүлцэх хэмжээг стандартаар тогтооно.

17 дугаар зүйл. Эрсдлийн үнэлгээ

17.1. Химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх, хадгалах, ашиглах үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн бодисын эрсдлийн үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу заавал хийлгэнэ.

17.2. Эрсдлийн үнэлгээнд тухайн химийн хорт болон аюултай бодисын хор, аюулын шинж чанар, болзошгүй эрсдлийг судлан тодорхойлох, түүнээс сэргийлэх арга хэмжээ болон хаягдлыг хоргүйжүүлэн устгах асуудлыг тусгана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. Бусад зүйл

[edit]

18 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагаанд тавих хяналт

18.1.Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хяналт тавина.

/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.2. Иргэд, төрийн бус байгууллага нь химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчигдөж байгаа талаархи санал, хүсэлтээ холбогдох төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.

18.З. Аж ахуйн нэгж, байгууллага нь химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, зарцуулалтад дотоод хяналт тавина.

19 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

19.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

19.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлүүлэх

20.1. Химийн хорт болон аюултай бодистой холбогдох хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас бусдын эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтан, эд хөрөнгөд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ


This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.