Jump to content

Монгол Улсын Харилцаа холбооны тухай хууль (1995)

From Wikisource
Монгол Улсын Харилцаа холбооны тухай хууль (1995)
321623Монгол Улсын Харилцаа холбооны тухай хууль1995

/Энэ хуулийг 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Нийтлэг үндэслэл

[edit]

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад харилцаа холбооны сүлжээ байгуулах, ашиглах, хамгаалах, төр болон үйлчлэгч байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хууль тогтоомж

1.Харилцаа холбооны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/"шугам" гэж мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах, хүлээн авах зорилгоор байгуулсан аливаа дамжуулагч орчин / утас, орон, зай зэрэг/ , тэдгээрийг хамгаалахад хэрэглэдэг тусгаарлагч, сувагчлал, багана, цамхаг болон бусад зүйлсийн цогцолбор;

2/"сүлжээ" гэж хоёр буюу түүнээс дээш хэрэглэгчдийн хооронд мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад хэрэглэгдэх холбооны шугам, шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, гардуулахад зориулагдсан техник хэрэгслийн иж бүрдэл;

3/"ашиглалт" гэж харилцаа холбооны сүлжээний тогтвортой ажиллагааг хангахад чиглэгдсэн засвар, хэмжилт, тохируулга хийх үйл ажиллагаа;

4/"үйлчилгээ, үйлчлэгч" гэж харилцаа холбооны сүлжээг ашиглан хэрэглэгчдийн хэрэгцээг хангах үйл ажиллагаа; харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага;

5/"зааглах цэг" гэж үйлчлэгчийн болон үйлчлэгч хэрэглэгчдийн шугам, сүлжээ хоорондоо харилцан холбогдох цэг;

6/"шуудангийн илгээмж" гэж шуудангийн байгууллагын өдрийн тэмдгийн дардсаар баталгаажсан бичиг захидал, илгээлт болон шуудангаар илгээж байгаа бусад зүйл;

7/"шуудангийн хаяг" гэж хэрэглэгчдийн / иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын/ оршин суудаг газрын / аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо,хот тосгон, гудамж, талбайн нэр болон барилга, орон сууц, хашааны дугаарыг багтаасан/ байршлын нэр, үйлчлэгчийн дугаар зэргийг агуулсан мэдээлэл;

8/"шуудангийн үнэт цаас" гэж шуудангийн марк, захидлын маркжуулсан дугтуй, ил захидлын маркжуулсан хуудас.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. Харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийг төрөөс зохицуулах

[edit]

4 дүгээр зүйл.Харилцаа, холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулах бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

2/харилцаа холбооны салбарт шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах;

3/радио долгионы зурвасыг төлөвлөх, долгион ашиглах эрхийн зөвшөөрөл олгож хяналт тавих;

4/харилцаа холбооны сүлжээ, тоног төхөөрөмж, үйлчилгээний стандартыг боловсруулж батлуулах, ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хэрэгжилтэд хяналт тавих;

5/шуудангийн өдрийн тэмдгийн дардас болон богцны лацны тэмдгийг баталгаажуулах;

6/шуудангийн үнэт цаасыг үйлдвэрлэх, борлуулах бодлогыг боловсруулах, улсын фонд байгуулах;

7/харилцаа холбооны үйлчилгээг найдвартай, шуурхай, чанартай байлгах, захидал харилцааны нууцын хамгаалалтад хяналт тавих.

5 дугаар зүйл.Зохицуулах зөвлөл

1.Харилцаа холбооны салбарт өмчийн бүх төрөл, хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын үр ашигтай, шударга өрсөлдөх боломж бүрдүүлэх, тэдгээрийн харилцан ажиллах нөхцөл, болзол, журмыг боловсруулах, мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэгтэй орон тооны бус Зохицуулах зөвлөл ажиллана.

2.Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн нь харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ үйлдвэрлэл эрхэлдэг өмчийн бүх төрөл, хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй байна.

3.Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайд томилж, дүрмийг Засгийн газар батална.

6 дугаар зүйл.Зохицуулах зөвлөлийн бүрэн эрх

Зохицуулах зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх төрийн бодлогын талаар саналаа боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах;

2/төрийн захиргааны төв байгууллагаас харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход санал, зөвлөмж гаргах;

3/харилцаа холбооны суурь сүлжээнд холбогдох өмчийн бүх төрөл, хэлбэрийн сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулахад тавих техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох;

4/хоорондоо холбогдох сүлжээ бүхий үйлчлэгчдийн харилцан холболт хийх болон орлого хуваарилах зарчим, гэрээний ерөнхий нөхцөл, журмыг тогтоож зохицуулах;

5/харилцаа холбооны үйлчилгээний тарифыг тодорхойлох үнэлгээний аргачлал тогтоох.

7 дугаар зүйл.Бүх шатны Засаг даргын бүрэн эрх

1.Бүх шатны Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/нутаг дэвсгэрийн холбооны үйлчилгээг сайжруулж, хүн амд ойртуулах бодлогыг боловсруулж холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

2/тухайн нутаг дэвсгэрт шуудан хүргэх хуваарийг хянаж зохицуулах;

3/харилцаа холбооны шуурхай байдлыг хангах зорилгоор аймаг, нийслэл, дүүрэг сум, хороо, хот, тосгоны гудамж, талбай, барилга, орон сууц, хашааг хаягжуулах арга хэмжээ авах

4/байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын улмаас харилцаа холбооны сүлжээнд гарсан ослыг арилгах ажлыг зохион байгуулахад туслах.

2.Радио телевизийн орон нутгийн сүлжээ байгуулж, ашиглаж болно.

8 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл

1.Харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/ дараахь тохиолдолд олгоно:

1/харилцаа, холбооны суурь сүлжээг байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх;

2/дотоодын хэрэглээний сүлжээгээр нийтийн үйлчилгээ эрхлэх;

3/радио долгион ашиглах;

4/холбоо, мэдээллийн техник, электрон хэрэгсэл үйлдвэрлэх;

5/шуудангийн үнэт цаас үйлдвэрлэх.

2.Тусгай зөвшөөрлийг хууль тогтоомжид заасан шаардлага хангасан дараахь этгээдэд олгоно:

1/Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн;

2/Монгол улсын хуулийн дагуу байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж.

3.Гадаадын хуулийн этгээдэд харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын зөвшөөрлийг үндэслэн олгоно.

4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад төрлийн харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх бол аж ахуйн нэгж, байгууллага, иргэн энэ тухайгаа харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүнээс эрх олгогдсон байгууллагад мэдэгдэж бүртгүүлнэ.

9 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл авах тухай өргөдөл гаргах

1.Тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг сонирхогч этгээд төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

2.Тусгай зөвшөөрөл авах тухай өргөдөлд дараахь бичиг баримтыг хавсаргана:

1/санхүү-эдийн засаг, техникийн болон мэргэжлийн боловсон хүчний чадавхи;

2/үйл ажиллагааны үндсэн чиглэл, туршлага;

3/хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар:

а/үйлчилгээний хамрах хүрээ, байршил;

б/нэвтрүүлэх технологи;

в/үйлчилгээний тарифын санал;

г/тусгай зөвшөөрлийн үнийн санал.

10 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн хугацаа

1.Тусгай зөвшөөрлийн хугацааг 20 хүртэл жилээр олгоно.

2.Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

11 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох үндэслэл

1.Тусгай зөвшөөрлийн хугацаа нь эзэмшигчээс түүний хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргаагүй бол анх товлосон он, сар, өдрийн / огнооны/ дараагийн ажлын өдөр болмогц дуусгавар болно.

2.Дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг товлосноос өмнө дуусгавар болсонд тооцно:

1/тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;

2/тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа эхлээгүй;

3/тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс эрх бүхий байгууллага уул зөвшөөрлийг дангаар буюу эзэмшигчийн хүсэлтээр цуцалсан.

3.Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон нөхцөлд уг зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллага энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.

12 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг цуцлах

1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь зөрчил гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллага нь уг зөвшөөрлийг дангаараа цуцлах эрхтэй:

1/харилцаа холбооны сүлжээ байгуулах, ашиглах, хамгаалах талаар хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй;

2/тусгай зөвшөөрөлд зааснаас өөр төрлийн үйл ажиллагаа явуулсан.

2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бол түүний хүсэлтээр уг зөвшөөрлийг хугацаанаас өмнө цуцалж болно.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалснаас учирсан хохирлыг уг зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллага хариуцахгүй.

4.Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

13 дугаар зүйл.Харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих төрийн хяналт

1.Харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хууль тогтоомж, техник технологийн горимыг холбогдох этгээд хэрхэн биелүүлж байгаад мэргэжлийн хяналтын байгууллага, түүний улсын байцаагч мэргэжлийн хяналт тавьж, шалгалт хийнэ.

/Энэ хэсэгт 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Мэргэжлийн хяналтын байгууллага, түүний улсын байцаагчид нь төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан эрх хэмжээнээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

1/харилцаа, холбооны тухай хууль тогтоомжийн биелэлт, тусгай зөвшөөрөл олголт, түүний хэрэгжилтийг хянан шалгах;

2/харилцаа холбооны ашиглалт үйлчилгээ, үйлдвэрлэлд зайлшгүй мөрдвөл зохих технологийн горим, тогтоосон стандарт, техникийн нөхцөл болон энэ хуульд заасан бусад шаардлагыг хэрхэн биелүүлж байгааг шалгах;

3/тусгай зөвшөөрөлгүйгээр харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлсэн, бүртгэлгүйгээр радио долгион ашигласан тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авах.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. Харилцаа холбооны сүлжээ

[edit]

14 дүгээр зүйл.Харилцаа холбооны сүлжээний төрөл

Харилцаа холбоо нь цахилгаан холбоо, шуудан, радио, телевизийн болон бусад мэдээллийн сүлжээнээс бүрдэх бөгөөд тэдгээр нь зориулалтаараа нийтийн үйлчилгээний болон дотоодын, тусгай хэрэглээний сүлжээ гэсэн төрөлтэй байна.

15 дугаар зүйл.Цахилгаан холбооны сүлжээ

1.Хэрэглэгчдийн хооронд аливаа тэмдэг, дохио, бичиг, дуу, дүрс зэрэг бүх төрлийн мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад зориулагдсан шугам, тоног төхөөрөмж, техник хэрэгслээс цахилгаан холбооны сүлжээ бүрдэнэ.

2.Улс хооронд болон аймаг, нийслэл, сум, баг хоорондын дамжуулах, хүлээн авах, холбох тоног төхөөрөмжөөс бүрдсэн, улсын бүх нутаг дэвсгэрийг хамран зохион байгуулагдсан, нийтийн үйлчилгээнд зориулагдсан сүлжээг цахилгаан холбооны суурь сүлжээ гэнэ.

3.Цахилгаан холбооны суурь сүлжээг техник, технологийн нэгдсэн удирдлагатай, тасралтгүй ажиллагаатай байхаар зохион байгуулна.

16 дугаар зүйл.Шуудангийн сүлжээ

1.Шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, гардуулахад зориулагдсан тоног төхөөрөмж, техник хэрэгслээс шуудангийн сүлжээ бүрдэнэ.

2.Улс хооронд болон улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамран шуудан солилцох боломжтой сүлжээг шуудангийн суурь сүлжээ гэнэ.

3.Шуудангийн суурь сүлжээний үйл ажиллагааг төрөөс зохицуулна.

4.Шуудан солилцох, хүргэх ажиллагааг дор дурдсан эрх бүхий байгууллага, албан тушаалтны батлагдсан хуваарь, чиглэлийн дагуу зохион байгуулна:

1/улс хоорондын шуудан солилцох, хүргэх үйл ажиллагааг хоёр талын харилцаа холбооны эрх бүхий байгууллагын гэрээ хэлэлцээрээр;

2/аймаг, нийслэл, сумын төв, хотуудын хоорондох шуудан хүргэлтийг уг асуудал эрхэлсэн сайдын баталснаар;

3/нийслэл, дүүрэг, сум, баг болон хот, тосгоны доторхи шуудан хүргэлтийг холбогдох Засаг даргын баталснаар.

5.Зорчигч тээвэр эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь шуудан холбооны байгууллагатай хийсэн гэрээний үндсэн дээр аймаг, нийслэл, сум, хот, баг хооронд шуудан тээвэрлэнэ.

17 дугаар зүйл.Радио телевизийн нэвтрүүлгийн сүлжээ

1.Радио болон телевизийн хөтөлбөрийг нэвтрүүлэх, хүлээн авах, дамжуулах тоног төхөөрөмж, техник хэрэгслээс радио телевизийн нэвтрүүлгийн сүлжээ бүрдэнэ.

2.Орон даяар хэрэглэгчдэд радио, телевизийн хөтөлбөрийг хүргэж байгаа тоног төхөөрөмж, шугамын иж бүрдэл нь радио, телевизийн нэвтрүүлгийн суурь сүлжээ мөн.

3.Монгол Улсын радио, телевизийн нэвтрүүлгийн сүлжээг радио телевизийн нэвтрүүлгийн хөтөлбөр бэлтгэх байгууллагын захиалга, хуваарийн дагуу ажиллуулна.

18 дугаар зүйл.Тусгай хэрэглээний холбооны сүлжээ

1.Монгол улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, иргэний хамгаалалт, нийгмийн хэв журам сахиулах, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын хэрэгцээнд зориулан тусгай хэрэглээний холбооны сүлжээг байгуулан ажиллуулж болно.

2.Тусгай хэрэглээний холбооны сүлжээ төрийн хамгаалалтад байна.

3.Тусгай хэрэглээний холбооны сүлжээг байгуулах, ашиглах журмыг Засгийн газар батална.

4.Тусгай хэрэглээний холбооны хэрэгцээнд шаардлагатай цахилгаан холбооны суурь сүлжээний суваг, тоног төхөөрөмжийг гэрээний үндсэн дээр төлбөртэй хэрэглүүлнэ.

5.Тусгай хэрэглээний холбооны мэдээллийг харилцаа холбооны суурь сүлжээгээр дамжуулахын өмнө нууцлах, хамгаалах арга хэмжээг мэдээлэл дамжуулагч байгууллага хариуцна.

19 дүгээр зүйл.Дотоодын хэрэглээний холбооны сүлжээ

1.Аж ахуйн нэгж, байгууллага нь дотооддоо технологийн удирдлага болон зохицуулалтыг шуурхай хангахад зориулагдсан дотоодын хэрэглээний холбооны сүлжээ байгуулан ажиллуулж болно.

2.Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дотоодын хэрэглээний холбооны сүлжээг цахилгаан холбооны суурь сүлжээнд холбож үйлчилгээ явуулж болно.

20 дугаар зүйл.Цахилгаан холбооны суурь сүлжээнд холболт хийх

Дотоодын болон тусгай хэрэглээний цахилгаан холбооны сүлжээг цахилгаан холбооны суурь сүлжээнд холбох зааглах цэг хүртэл болон зааглах цэгт тавигдах нэмэгдэл шугам, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, санхүүжүүлэх асуудлыг дотоодын болон тусгай хэрэглээний холбооны сүлжээ эзэмшигч хариуцна. Зааглах цэгийн байршлыг Зохицуулах зөвлөл тогтооно.

21 дүгээр зүйл.Холбооны сүлжээг дайчлан ажиллуулах

Монгол Улсад онц болон дайны байдал зарласан тохиолдолд харилцаа холбооны сүлжээг хууль тогтоомжид зааснаар дайчлан ажиллуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. Нийтийн үйлчилгээний үйлчлэгч, хэрэглэгчийн эрх үүрэг

[edit]

22 дугаар зүйл.Үйлчлэгч, хэрэглэгчийн харилцан хүлээх үүрэг, хариуцлага

Үйлчлэгч, хэрэглэгчийн харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг Иргэний хуульд заасны дагуу гэрээгээр тогтооно.

23 дугаар зүйл.Үйлчлэгчийн эрх, үүрэг

1.Үйлчлэгч нь гэрээнд заасан эрхээс гадна дараахь эрхтэй:

1/харилцаа холбооны үйлчилгээний тарифыг Зохицуулах зөвлөлөөс гаргасан үнэлгээний аргачлалын дагуу тогтоох;

2/хэрэглэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол үйлчилгээг зогсоож, гэрээг цуцлах.

2.Үйлчлэгч нь гэрээнд заасан үүргээс гадна дараахь үүрэгтэй:

1/харилцаа, холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэл явуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэглэгчдэд ямар нэгэн ялгаваргүйгээр найдвартай шуурхай үйлчлэх;

2/харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн стандарт, техник, технологийн нөхцөл, горимыг дагаж мөрдөх;

3/харилцаа холбооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх, үйлчилгээний зориулалтыг өөрчлөх, түр зогсоох тухай хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэх;

4/харилцаа холбооны сүлжээгээр дамжиж байгаа бүх төрлийн мэдээ, мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах;

5/байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон үед холбооны сүлжээг хууль тогтоомжийн дагуу бусдад саадгүй хэрэглүүлэх;

6/байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсоноос бусад үед холбооны үйлчилгээг зогсоохгүй байх.

3.Үйлчлэгч байгууллагын ажиллагсад нь төрийн хамгаалалттай аж ахуйн нэгж, байгууллагад байгаа өөрийн мэдлийн холбооны шугам, сүлжээнд засвар, үйлчилгээ хийх үедээ холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч ажиллана.

4.Хүлээлгэн өгөх, буцаан хүргүүлэх тодорхой хаяггүй шуудангийн илгээмжийг үйлчлэгч хүлээн авснаас хойш 6 сар хадгалсны дараа комисс томилж задлаад акт үйлдэнэ.

5.Задалсан илгээмжээс тодорхой хаяг гарвал уг хаягийн дагуу хүргэх ажлыг зохион байгуулна.

6.Задалсан илгээмжээс гарсан үндэсний болон гадаадын валют, үнэ бүхий зүйлийг улсын орлогод, иргэний бичиг баримтыг иргэний бүртгэл мэдээллийн байгууллагад тус тус шилжүүлнэ.

7.Тодорхой хаяггүй шуудангийн илгээмжийн эзэн тогтоогдсон нөхцөлд улсын орлого болгосон зүйлийг эргүүлэн өгөх буюу эргүүлэн өгөх боломжгүй бол хохирлыг нөхөн төлнө.

8.Тодорхой хаяггүй шуудангийн илгээмжийг хадгалах, задлах журмыг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

24 дүгээр зүйл.Хэрэглэгчийн эрх, үүрэг

1.Хэрэглэгч гэрээнд заасан эрхээс гадна дараахь эрхтэй:

1/харилцаа холбооны стандарт, техникийн нөхцөлийг хангасан тоног төхөөрөмж /телефон, телекс, факсимиль болон радиогийн аппарат, тэдгээрийн нэмэгдэл бусад хэрэгсэл/-ийг сонгон авч хэрэглэх;

2/харилцаа холбооны сүлжээнд гарсан гэмтлийг зохих хугацаанд нь засварлахыг шаардах, энэ талаар мэдээлэл авах;

3/байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсоноос өөр шалтгаанаар үйлчилгээгээ зогсоосон буюу тоног төхөөрөмжөө ажиллуулаагүй, шуудангийн илгээмжийг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлэх;

4/аж ахуйн нэгж, байгууллага, иргэн шуудан холбооны цэг салбарт хайрцгаар үйлчлүүлэх.

2.Хэрэглэгч гэрээнд заасан үүргээс гадна дараахь үүрэгтэй:

1/өөрийн эзэмшлийн барилга байгууламж, нутаг дэвсгэрт байрлуулсан харилцаа холбооны сүлжээ, тоног төхөөрөмжийг хамгаалах, түүнд гарсан болон гарч болох осол, зөрчлийн талаар үйлчлэгчид мэдээлэх;

2/хэрэглэгч нь харилцаа холбооны үйлчилгээний үнэ төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх;

3/9 кГц-ээс дээших долгион үүсгэдэг тоног төхөөрөмжийг суурилуулж, ашиглахдаа харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авах, бүртгүүлэх, бусдын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг алдагдуулахгүй байх.

ТАВДУГААР БҮЛЭГ. Харилцаа холбооны сүлжээг хамгаалах

[edit]

25 дугаар зүйл.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг үүрэг

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь нийтлэг үүрэгтэй:

1/инженерийн шугам, сүлжээний хайгуул хийх, барилга байгууламж, шугам сүлжээ байгуулахдаа харилцаа холбооны шугам, сүлжээг эзэмшигчээс зохих зөвшөөрөл авах, түүнийг шилжүүлэх шаардлагатай бол уг ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх;

2/орон сууц, барилга байгууламжийн зураг төсөвт холбооны хэрэгцээг зохих нормын дагуу хангах ажлыг заавал тусгаж гүйцэтгүүлэх;

3/аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь шуудангийн байгууллагаас хаяг, индекс авч өөрчлөгдсөн тухай бүр тодотгол хийлгэж байх;

4/тэсэрч дэлбэрэх /буу зэвсэг, дарь, сум зэрэг/, шатах /бензин шатахуун, спирт, хүчил шүлт зэрэг/ бодис, гаалийн байгууллагаас хориглосон зүйлсийг шуудангаар илгээхгүй байх.

26 дугаар зүйл.Зурвас газар

1.Монгол улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зайг холбооны зурвас газар гэнэ. Зурвас газар нь дараахь хэмжээтэй байна:

1/агаарын баганат шугамын тал бүрээс 10 метр;

2/кабелийн шугамын тал бүрээс 5 метр;

3/радио релейн шугамын станц хоорондын буюу сансрын холбооны хиймэл дагуул, газрын станц хоорондын долгионы шууд тусгалын орон зай тухайн станцын тал бүрээс 300 метр голчтой;

4/радио, телевизийн нэвтрүүлэх станцын тоног төхөөрөмжийн хүчин чадлаас хамааруулан тогтоосон эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ;

Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан зурвас газрын хэмжээг хот, тосгоны дотор өөрөөр тогтоож болно.

2.Харилцаа холбооны шугам сүлжээгээр ашиглалт, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл авсан үйлчлэгч байгууллага нь уг шугам сүлжээний зурвас газрыг хууль тогтоомжийн дагуу эзэмшинэ.

3.Холбооны сүлжээ байрлаж байгаа зурвас газартай холбогдсон асуудлыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага тус тусын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж байна.

27 дугаар зүйл.Зурвас газрыг хамгаалах

1.Харилцаа холбооны зурвас газар үйлчлэгчийн эзэмшилд байна.

2.Харилцаа холбооны зурвас газар болохыг тодорхойлсон тэмдгийг шугамын чиглэлд тавина.

3.Харилцаа холбооны зурвас газарт дараахь ажил хийхийг хориглоно:

1/барилга, гэр, хашаа барих, мод тарих;

2/кабель гэмтээж болох зүйл хаях, химийн идэмхий бодис асгах;

3/зөвшөөрөгдсөн хэмжээнээс өндөр ачаатай тээврийн хэрэгслээр агаарын баганат шугамыг хөндлөн гарах.

4.Зурвас газарт ажил гүйцэтгэгч нь үйлчлэгчээс урьдчилан зөвшөөрөл авсан байна. Харилцаа холбооны зурвас газарт ажил гүйцэтгэсэн этгээд хөндөгдсөн орчныг нөхөн сэргээх, засан тохижуулах арга хэмжээг өөрийн зардлаар бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй.

28 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

1.Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол харилцаа холбооны улсын байцаагч дараахь захиргааны шийтгэл оногдуулна:

1/нийтийн эзэмшлийн газарт тавигдсан харилцаа холбооны тоног төхөөрөмжийг эвдсэн, гэмтээсэн бол гэм буруутай этгээдийг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 30000-150000 төгрөгөөр торгох;

2/барилга байгууламж, инженерийн шугам, сүлжээний хайгуул хийх, зураг төсөл зохиох, барилга байгууламж, шугам сүлжээ байгуулахдаа тэдгээрийн талбайд орсон харилцаа холбооны шугам, сүлжээг зохих зөвшөөрөлгүйгээр тасалсан, зөөсөн үүний улмаас тухайн шугам сүлжээ /холбооны кабель, агаарын баганат шугам, хэрэглэгчийн кабелийн хайрцаг, шүүгээ, оруулгын утас, трансформатор, сувагчлал, шуудангийн хайрцаг зэрэг/-г гэмтээсэн, ашиглалтгүй болгосон бол гэм буруутай этгээдийг 5000-35000 төгрөгөөр аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр торгох;

3/харилцаа, холбооны шугам, сүлжээний дагуу тавигдсан аливаа тэмдэг, шон, хамгаалах хэрэгсэл зэргийг унагасан, эвдэж устгасан, тэдгээрийн бичээсийг арилгасан, кабелийн шүүгээ, худаг, сувагчлал, шуудангийн хайрцагт хог хаясан, бусад зүйлээр бохирдуулсан бол гэм буруутай этгээдийг 3000-10000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 30000-150000 төгрөгөөр торгох;

4/тусгай зөвшөөрөл, бүртгэлгүйгээр радио долгион үүсгэх, тоног төхөөрөмжийг ажиллуулсан, үйлдвэрлэсэн, холбооны сүлжээнд холболт хийж, түүгээр дамжуулж байгаа мэдээллийг авсан, харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ эрхэлсэн бол гэм буруутай этгээдийг 5000-35000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр торгох;

5/энэ хуулийн 27 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтыг зөрчсөн бол гэм буруутай этгээдийг 2000-35000 төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 50000-250000 төгрөгөөр торгох;

6/шуудангаар илгээхийг хориглосон буюу зөвшөөрсөн хэмжээнээс илүү тооны эд хөрөнгийг илгээсэн, түүнийг хүлээн авч явуулсан, шуудан хүргэх хуваарийг тасалсан, шуудангийн илгээмжийг алдаж үрэгдүүлсэн, гэмтээсэн, задалсан бол гэм буруутай этгээдийг 1000-35000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр торгох;

7/энэ хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтыг зөрчсөн бол гэм буруутай этгээдийг 5000-35000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр торгох;

8/энэ хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 3 дахь заалтыг зөрчсөн бол гэм буруутай этгээдийг 2000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 30000-200000 төгрөгөөр торгох.

29 дүгээр зүйл.Хохирол нөхөн төлүүлэх

Харилцаа холбооны тухай хууль тогтоомж зөрчиж бусдад учруулсан хохирлыг хууль тогтоомжид заасны дагуу гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ


This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.