Jump to content

Монгол Улсын Инновацийн тухай хууль

From Wikisource
Монгол Улсын Инновацийн тухай хууль (2012)
322400Монгол Улсын Инновацийн тухай хууль2012

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

ИННОВАЦИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

[edit]

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь инновацийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, төрийн дэмжлэг, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулан эзэмших, ашиглах, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Инновацийн тухай хууль тогтоомж

2.1.Инновацийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай, Дээд боловсролын тухай, Компанийн тухай, Патентын тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."инноваци" гэж шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, маркетинг, зохион байгуулалтын арга, шийдлийг;

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.2."шинэ мэдлэг" гэж шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ашиглаж болохуйц, эрхийн хамгаалалт хийгдсэн оюуны бүтээлийг;

3.1.3."инновацийн үйл ажиллагаа" гэж инновацийг хэрэглээнд нэвтрүүлж, эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, нийгмийн үйлчилгээг сайжруулах зорилго бүхий арга хэмжээг;

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.4."инновацийн бүтээгдэхүүн" гэж энэ хуулиар тогтоосон шаардлага, нөхцөлийг хангасан, зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс техник, эдийн засгийн үзүүлэлт, шинжлэх ухааны багтаамж, нэмүү өртөг бий болгох болон өрсөлдөх чадвараар илүү инновацийн үйл ажиллагааны үр дүнг;

3.1.5."үндэсний инновацийн тогтолцоо" гэж инновацийн үйл ажиллагаанд оролцогч өмчийн бүх хэлбэрийн байгууллага, тэдгээрийн харилцааны хэм хэмжээний цогцыг;

3.1.6."инновацийн төсөл" гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг;

/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.7."инновацийн грант" гэж иргэн, хуулийн этгээд, гадаадын болон олон улсын байгууллага урьдчилан нөхцөл, болзол тавьсны үндсэн дээр инновацийн тодорхой төсөлд буцалтгүй олгож байгаа мөнгөн болон бусад хөрөнгийг;

3.1.8."гарааны компани" гэж инновацийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан компанийг;

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.9."технологийн туршилт, зүгшрүүлэлт" гэж лабораторийн түвшинд боловсруулсан технологи, бүтээгдэхүүний загварыг үйлдвэрлэлийн нөхцөлд турших, боловсронгуй болгох, технологийн баримтжуулалт хийх үйл ажиллагааг;

3.1.10."роялти" гэж оюуны өмчийг лицензийн гэрээгээр ашиглан олсон ашгаас лиценз түрээслүүлэгчид ногдох хувь хэмжээг;

3.1.11."хөрөнгө оруулалтын компани" гэж инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд чиглэгдсэн, энэ хуульд заасан үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Иргэний хуульд[8] заасны дагуу байгуулагдсан хуулийн этгээдийг;

/Энэ заалтад 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.12."менежментийн гэрээ" гэж энэ хуулиар тогтоосон шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтын компанийн активыг удирдах талаар уг хөрөнгө оруулалтын компанийн удирдлага менежментийн компанитай байгуулсан гэрээг;

/Энэ заалтад 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.13."менежментийн компани" гэж хөрөнгө оруулалтын компанитай байгуулсан энэ хуулийн 3.1.12-т заасан гэрээний үндсэн дээр уг хөрөнгө оруулалтын компанийн активын удирдлагыг хэрэгжүүлж байгаа тусгай зөвшөөрөл бүхий компанийг;

/Энэ заалтад 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.14."шинжлэх ухааны парк" /цаашид "парк" гэх/ гэж өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор энэ хуулиар тогтоосон чиг үүргийг хэрэгжүүлэх тусгайлсан газар нутагтай, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц бүхий цогцолборыг;

3.1.15."паркийн удирдлага" гэж паркийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэвийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөлөөр хангах чиг үүрэгтэй хуулийн этгээдийг;

3.1.16."паркийн нэгж" гэж паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага болон сургууль, эмнэлэг, харилцаа холбоо, эрчим хүчний зэрэг нийтлэг үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг.

3.1.17."инновацийн дэд бүтэц" гэж инновацийн үйл ажиллагаанд хөрөнгө, нөөцийн болон бусад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий зохион байгуулалтын бүтэц, барилга байгууламжийг;

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.18."зөвлөх компани" гэж эрдэм шинжилгээний байгууллага, түүний дэргэд байгуулагдсан гарааны компанийн инновацийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх бусад этгээдэд гарааны компанийн өөрийн эзэмшлийн хувийг борлуулах зорилгоор байгуулагдсан компанийг.

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

4 дүгээр зүйл.Инновацийн үйл ажиллагааны зарчим

4.1.Инновацийн үйл ажиллагаанд дор дурдсан зарчмыг баримтална:

4.1.1.үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх инновацийн үйл ажиллагаа явуулахгүй байх;

4.1.2.инновацийн төсөл нь инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд нийцсэн, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн дэвшилтэт ололтыг ашигласан байх;

4.1.3.инновацийн үйл ажиллагаа нь эдийн засаг, нийгмийн өндөр үр ашигтай байх;

4.1.4.инновацийн үйл ажиллагааны төрийн дэмжлэг нь ил тод, шударга, нээлттэй байх;

4.1.5.инновацийн үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тэгш эрхтэй, чөлөөтэй оролцох;

4.1.6.инновацийн үйл ажиллагааны үндэслэл бүхий эрсдэлийг төр болон бусад санхүүжүүлэгч этгээд хүлээн зөвшөөрөх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ - ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

[edit]

5 дугаар зүйл.Инновацийн үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо

5.1.Инновацийн үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо нь Засгийн газар, яам, агентлаг, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл, нутгийн захиргааны байгууллагаас бүрдэнэ.

6 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

6.1.Засгийн газар инновацийн үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.төрөөс инновацийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.2.инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг батлах;

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.1.3.инновацийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

6.1.4.үндэсний инновацийн тогтолцоо, инновацийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.5.төрөөс инновацийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах;

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.1.6.инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай улсын төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээг тогтоох, хэрэгжилтийг зохион байгуулах;

6.1.7.инновацийн төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх, инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам, нөхцөлийг тогтоох;

6.1.8.инновацийн үйл ажиллагааг дагнан явуулах төрийн өмчит байгууллага байгуулах, түүнийг өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах;

6.1.9.инновацийн дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор үнэт цаас гаргах, гадаадын хөнгөлөлттэй зээлд хөрөнгийн баталгаа гаргах;

6.1.10.парк байгуулахдаа Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэх;

6.1.11.паркийн байршил, үйл ажиллагааны чиглэлийг тогтоож парк байгуулах тухай шийдвэр гаргах;

6.1.12.паркийн удирдлагыг томилох, бүтэц, дүрэм, журмыг батлах;

6.1.13.паркийн нутаг дэвсгэрт олгосон газар, төрийн өмчийн барилга байгууламжийн ашиглалт, нутаг дэвсгэрт үйлчлэх хөнгөлөлт, урамшуулал, тэдгээрийн хэлбэр, хэмжээг тогтоох, паркийн үйл ажиллагаатай холбогдох дүрэм, журам баталж мөрдүүлэх.

6.1.14.хуульд заасан бусад бүрэн эрх.

7 дугаар зүйл.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага инновацийн үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.1.үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

7.1.2.инновацийн тэргүүлэх чиглэл, үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрт шаардагдах төсвийн санхүүжилтийн талаар санал боловсруулж Засгийн газарт өргөн барих;

7.1.3.төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагаас инновацийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

7.1.4.инновацийн тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэхэд оролцогч талуудын түншлэл, үйл ажиллагааны уялдааг хангах бодлогыг хэрэгжүүлэх;

7.1.5.инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах талаар санал боловсруулж Засгийн газарт оруулах;

7.1.6.энэ хуулийн 6.1.10-6.1.13-т заасан Шинжлэх ухааны парктай холбоотой дүрэм, журам, төсөл боловсруулж Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, Засгийн газарт оруулах;

7.1.7.Засгийн газрын захиалгаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх үндэсний хэмжээний, стратегийн ач холбогдол бүхий инновацийн төслийн хэрэгжилтийг зохион байгуулах;

7.1.8.инновацийн төсөл хэрэгжүүлэхэд зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжилт олгох, олгосон хөрөнгийг эргэн төлүүлэх арга хэмжээ авах;

7.1.9.холбогдох байгууллагатай хамтран инновацийн төслийн нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдэд энэ талаар үйлчилгээ үзүүлэх;

7.1.10.үндэсний инновацийн тогтолцооны хөгжлийн түвшинг үнэлэх аргачлал боловсруулах, инновацийн мэдээллийн сан бүрдүүлэх;

7.1.11.инновацийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хүний нөөцийг хөгжүүлэх талаар холбогдох байгууллагатай хамтран хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх;

/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.12.инновацийг хөгжүүлэх талаар гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

7.1.13.инновацийн үйл ажиллагааг урамшуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх;

7.1.14.инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн шинжээчдийн ажиллах журмыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулах;

7.1.15.төрөөс шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын талаар баримтлах бодлогыг инновацийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг хангах;

/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.1.16.шинжлэх ухаан, технологийн салбарт инновацийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.1.17.шинжлэх ухаан, технологийн салбарт инновацийн дэд бүтцийг байгуулах төлөвлөлтийг хийх, түүнийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;

/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.1.18.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын инновацид чиглэсэн үр дүнгийн талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.1.19.технологийн туршилт, зүгшрүүлэлтэд инновацийн грант олгох;

/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.1.20.инновацийн чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах;

/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.1.21.инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.1.22.хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

8.1.Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага инновацийн үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.төрөөс шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын талаар баримтлах бодлогыг инновацийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг хангах;

8.1.2.шинжлэх ухаан, технологийн салбарт инновацийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

8.1.3.шинжлэх ухаан, технологийн салбарт инновацийн дэд бүтцийг байгуулах төлөвлөлтийг хийх, түүнийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;

8.1.4.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын инновацид чиглэсэн үр дүнгийн талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

8.1.5.технологийн туршилт, зүгшрүүлэлтэд инновацийн грант олгох;

8.1.6.инновацийн чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах;

8.1.7.инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

8.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ зүйлийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

9 дүгээр зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрх

9.1.Санхүүгийн зохицуулах хороо инновацийн үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.венч хөрөнгө оруулалтын компани болон менежментийн компанийг үүсгэн байгуулахад тавигдах нөхцөл, шаардлага, хувь нийлүүлсэн болон өөрийн хөрөнгийн доод хэмжээг тогтоох;

9.1.2.венч хөрөнгө оруулалтын компани болон менежментийн компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

9.1.3.венч хөрөнгө оруулалтын компани болон менежментийн компанийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавихтай холбоотой дүрэм, журмыг боловсруулан баталж, мөрдүүлэх;

9.1.4.венч хөрөнгө оруулалтын компанийн удирдлага, үйл ажиллагааг зохицуулах нийтлэг дүрэм, журмыг тогтоох;

9.1.5.венч хөрөнгө оруулалтын компани болон менежментийн компанийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хянаж өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх, гарсан зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгөх;

9.1.6.венч хөрөнгө оруулалтын компани болон менежментийн компанийн гаргаж байгаа мэдээлэл дүрэм, журамд нийцэж байгаа болон үнэн зөв эсэхэд хяналт тавих;

9.1.7.венч хөрөнгө оруулалтын компанийг татан буулгах асуудлаар шүүхэд хандах;

9.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10 дугаар зүйл.Яам, агентлагийн нийтлэг бүрэн эрх

10.1.Яам, агентлаг өөрийн харьяалах салбарт инновацийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.дангаараа болон өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран инновацийн төлөвлөгөө, төсөл боловсруулан хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэх;

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.1.2.салбарын инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хэрэгжилтийг хангах;

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

10.1.3.төрийн захиргааны төв байгууллага харьяалах салбартаа инновацийн үйл ажиллагааг дэмжихэд шаардагдах хөрөнгийг төсөвтөө багтаан шийдвэрлэх;

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

11 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

11.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга инновацийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.орон нутагтаа инновацийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог хангах, хамтарсан санхүүжилттэй инновацийн төсөл хэрэгжүүлэх;

11.1.2.аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт байгуулагдсан паркийн хэвийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах нийгмийн дэд бүтэц байгуулах, суурь үйлчилгээ үзүүлэх ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээр шийдвэрлэх, паркийн захиргаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;

11.1.3.орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн инновацийн төслийн нээлттэй шалгаруулалт зохион байгуулах, инновацийн грант олгох;

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.1.4.энэ хуулийн 11.1.3-т заасныг орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх, шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор үнэт цаас гаргах, гадаадын хөнгөлөлттэй зээлд хөрөнгийн баталгаа гаргах;

11.1.5.инновацийн үйл ажиллагааг дагнан эрхлэх үүрэгтэй орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулж ажиллуулах;

11.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

12 дугаар зүйл.Инновацийн үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэр, хэлбэр

12.1.Инновацийн үйл ажиллагааны санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

12.1.1.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;

12.1.2.Монгол Улсын Хөгжлийн банкны хөрөнгө;

12.1.3.Инновацийн сангийн хөрөнгө;

/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

12.1.4.Засгийн газрын бусад тусгай сангийн хөрөнгө;

12.1.5.хөрөнгө оруулалтын компанийн хөрөнгө;

/Энэ заалтад 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.1.6.гарааны компанийн хөрөнгийн анхдагч зах зээлээс бүрдүүлсэн хөрөнгө;

12.1.7.инновацийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагын өөрийн хөрөнгө;

12.1.8.гадаад улс болон олон улсын байгууллагын зээл, тусламж, хандивын хөрөнгө;

12.1.9.хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

12.2.Энэ хуулийн 12.1.1, 12.1.3, 12.1.4-т заасан эх үүсвэрээс санхүүжүүлэх инновацийн төслийг Засгийн газраас баталсан журмын дагуу сонгон шалгаруулна.

12.3.Инновацийн үйл ажиллагааг дараах хэлбэрээр санхүүжүүлнэ:

12.3.1.эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх;

12.3.2.буцалтгүй санхүүжилт олгох;

12.3.3.инновацийн грант олгох.

12-1 дүгээр зүйл.Гарааны компани хувьцаагаа олон нийтэд санал болгох

/Энэ зүйлийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

12-1.1.Гарааны компани нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 41.2-т заасан эрх бүхий байгууллагаар дамжуулан хувьцаагаа биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгож болно.

12-1.2.Гарааны компанийн олон нийтэд хувьцаа санал болгох журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.

12-1.3.Гарааны компанийн олон нийтэд санал болгох нийт хувьцааны болон нэг хөрөнгө оруулагчийн худалдан авах хувьцааны үнийн дүнгийн дээд хязгаарыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ - ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

[edit]

13 дугаар зүйл.Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

/Энэ зүйлд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

13.1.Шинжлэх ухаан, технологийн ололтыг эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, өндөр технологийн болон өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох, өндөр үр ашигтай үйлчилгээний төрөл, хэлбэрийг бий болгоход чиглүүлэх, инновацийн үйл ажиллагааны чадавх, нөөцийг оновчтой байршуулах, төрийн дэмжлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор инновацийн тэргүүлэх чиглэлийг тогтооно.

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

13.2.Инновацийн тэргүүлэх чиглэлийг стратегийн болон дунд хугацааных гэж ангилна.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.3.Стратегийн тэргүүлэх чиглэл 10 жилийн хугацаатай байх бөгөөд Улсын Их Хурал батална.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.4.Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн төслийг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж өмнөх тэргүүлэх чиглэлийн хугацаа дуусахаас 12 сарын өмнө Засгийн газраар хэлэлцүүлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.5.Засгийн газар хэлэлцэж дэмжсэн стратегийн тэргүүлэх чиглэлийн төслийг өмнөх тэргүүлэх чиглэлийн хугацаа дуусахаас 10 сарын өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.6.Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөв, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага зэрэгт үндэслэсэн үндэсний, салбарын, бүсийн, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхээр боловсруулсан байна.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

13.7.Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл таван жилийн хугацаатай байна.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

13.8.Дунд хугацааны үндэсний тэргүүлэх чиглэлийн төслийг стратегийн тэргүүлэх чиглэл батлагдсанаас хойш 10 сарын дотор өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн захиргааны байгууллагатай хамтран боловсруулж Засгийн газарт оруулж батлуулна.

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.9.Дунд хугацааны үндэсний тэргүүлэх чиглэл нь урт, дунд хугацааны улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөв, шинжлэх ухаан, технологийн хандлага зэрэгт үндэслэсэн, салбар дундын болон бүс хоорондын шинжтэй инновацийг хөгжүүлэхэд чиглэгдсэн байна.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.10.Дунд хугацааны салбарын тэргүүлэх чиглэлийг стратегийн тэргүүлэх чиглэл болон дунд хугацааны үндэсний тэргүүлэх чиглэл, салбарын хөгжлийн төсөөлөлд үндэслэн тухайн салбарыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага баталж хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.11.Дунд хугацааны үндэсний, салбарын тэргүүлэх чиглэлийг Засгийн газрын болон салбарын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгах, бие даасан төсөл хэлбэрээр хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.12.Бүс, орон нутгийн дунд хугацааны тэргүүлэх чиглэлийг стратегийн, дунд хугацааны үндэсний болон салбарын тэргүүлэх чиглэлтэй уялдуулан тухайн бүсийн зөвлөл, аймаг, нийслэлийн Засаг дарга боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа батлуулж хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.13.Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл нь шинжлэх ухааны болон эдийн засгийн үндэслэлтэй, энэ хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

13.14.Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн төлөөллийг оролцуулан Засгийн газрын баталсан журмын дагуу боловсруулна.

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

13.15.Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах асуудлыг Засгийн газрын баталсан журмын дагуу өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

14 дүгээр зүйл. Төрөөс дэмжлэг үзүүлэх инновацийн төсөл, түүнд тавигдах шаардлага

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.1.Инновацийн төсөл дараах шаардлагыг хангасан байна:

14.1.1.инновацийг бий болгох нэгдсэн зорилго бүхий саналыг агуулсан байх;

14.1.2.хэрэгжүүлэх гэж байгаа төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээний давтагдаагүй байдал, эсхүл аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх;

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.1.3.инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоог хийсэн байх.

14.2.Дараах тохиолдолд инновацийн төсөлд төрөөс дэмжлэг үзүүлэхгүй:

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

14.2.1.энэ хуулийн 15.1-д заасан шаардлагыг бүрэн хангаагүй бол;

14.2.2.төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь энэ хуульд заасан инновацийн үйл ажиллагаа болон түүнд баримтлах зарчимтай нийцэхгүй бол;

14.2.3.инновацийн үйл ажиллагааны санхүүжилт хүсэгч этгээд нь Монгол Улсаас өөр улсад бүртгэлтэй бол;

14.2.4.инновацийн үйл ажиллагааны санхүүжилт хүсэгч этгээд нь төсөв болон банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөртэй бол;

14.2.5.хуульд заасан бусад үндэслэл.

14.3.Инновацийн төслийг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан журмын дагуу бүртгэнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.1.4.энэ хуулийн 6.1.2-т заасан инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд нийцсэн байх;

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.1.5.инновацийн төслийг энэ хуулийн 14.3-т заасны дагуу бүртгүүлсэн байх.

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

15 дугаар зүйл.Инновацийн бүтээгдэхүүн

15.1.Инновацийн бүтээгдэхүүн нь дараах шаардлагыг хангасан байна:

15.1.1.Монгол Улсад шинээр үйлдвэрлэгдэж байгаа, эсхүл зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх;

15.1.2.импортыг орлох буюу экспортын нөөцийг өсгөхөд чиглэсэн байх;

15.1.3.бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь оюуны өмчийн эзэмшигч байх, эсхүл түүний эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулсан байх.

15.2.Инновацийн бүтээгдэхүүн энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн гаргана.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16 дугаар зүйл.Инновацийн дэд бүтэц

16.1.Инновацийн дэд бүтэц нь шинжлэх ухааны парк, үйлдвэрлэл технологийн парк, технополис, технологи дамжуулах төв, технологийн инкубатор, бизнес-инкубатор, Засгийн газрын тусгай сан, венч хөрөнгө оруулалтын компаниас бүрдэнэ.

/Энэ хэсгийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.2.Үйлдвэрлэл технологийн парктай холбоотой үүсэх харилцааг Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

16.3.Шинжлэх ухааны парк болон венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагааг энэ хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.4.Инновацийн дэд бүтэц нь шинжлэх ухааны парк, үйлдвэрлэл технологийн парк, технологи дамжуулах төв, технологийн инкубатор, бизнес-инкубатор, хамтын оффис, менежментийн компаниас бүрдэнэ. Хамтын оффис нь хоорондоо хамааралгүй хэд хэдэн хувь хүн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлсэн байх бөгөөд гишүүддээ зориулан зөвлөх, зуучлах, сурталчлах, хөрөнгө оруулалт татах, инновацийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, гарааны компанийг бойжуулах зэргийг нэгдсэн журмаар зохион байгуулна:

16.4.1.технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффисд гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг төрөөс татварын бодлогоор дэмжих;

16.4.2.энэ хуулийн 16.4.1-д заасан аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батлах.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

17 дугаар зүйл.Инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих

17.1.Инновацийн үйл ажиллагааг төрөөс дараах хэлбэрээр дэмжинэ:

17.1.1.инновацийн төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүний тодорхой хувийг санхүүжүүлэх;

/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.1.2.инновацийн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын холбогдох байгууллагуудад патентжуулах зардлыг санхүүжүүлэх;

/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.1.3.инновацийн үйл ажиллагааг дагнан эрхлэх гарааны компанид эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцох;

17.1.4.төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын лабораторийн тоног төхөөрөмжөөр инновацийн үйл ажиллагааг дагнан эрхлэх компанид хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчилгээ үзүүлэх асуудлыг Засгийн газрын баталсан журмаар зохицуулах;

17.1.5.төслийн нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсгийг инновацийн санхүүжүүлэгч байгууллага болон орон нутгийн төсвөөс буцалтгүй нөхцөлөөр санхүүжүүлэх;

17.1.6.өндөр технологи шингэсэн инновацийн бүтээгдэхүүнийг олон улсын үзэсгэлэн худалдаа, танилцуулах арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлэх;

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

17.1.7.экспортод чиглэсэн инновацийн бүтээгдэхүүний олон улсын чанар стандартын баталгаажуулалтын зардлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн санхүүжүүлэх;

/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.8.дотоодод үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүнийг Засгийн газрын худалдан авах үйл ажиллагаагаар дэмжих;

17.1.9.үзэсгэлэн худалдаа, хурал семинар зохион байгуулах, инновацийн мэдлэг, соёлыг сурталчлах арга хэмжээг олон нийтийн байгууллагатай хамтран зохион байгуулах, санхүүжүүлэх;

/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.1.10.инновацийн үйл ажиллагаа эрхэлж, нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгосон патент эзэмшигчид мөнгөн урамшуулал олгох;

/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.1.11.нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгох;

17.1.12.үндэсний инновацийн шагналын хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.

17.2.Энэ хуулийн 17.1.6, 17.1.8, 17.1.9, 17.1.10-т зааснаас бусад инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих хэлбэрийг Засгийн газрын баталсан журмаар зохицуулна.

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.3.Энэ хуулийн 17.1.1, 17.1.3, 17.1.8, 17.1.11, 17.1.12-т зааснаас бусад инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих хэлбэрийг өндөр технологи, инновацийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмаар зохицуулна.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРК

[edit]

18 дугаар зүйл.Парк байгуулах

18.1.Паркийг дараах зорилгоор байгуулна:

18.1.1.эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран инновацийн үйл ажиллагааг үр ашигтай явуулах орчин, дэд бүтцийг бүрдүүлэх;

18.1.2.импортыг орлох болон экспортод чиглэсэн өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шаардагдах санхүүгийн олон талт эх үүсвэр, өндөр ур чадвартай мэргэшсэн хүний нөөц, дэд бүтцээр хангах, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;

18.1.3.инновацийн үйл ажиллагаанд тулгуурлан бүс, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн төрөлжилтийг бий болгох.

18.2.Паркийн оноосон нэрэнд шинжлэх ухааны парк гэсэн үгийг заавал хэрэглэх бөгөөд бусад хуулийн этгээдийн нэрэнд энэхүү үгийг хэрэглэхийг хориглоно.

19 дүгээр зүйл.Паркийн үйл ажиллагаанд баримтлах зарчим

19.1.Паркийн үйл ажиллагаанд энэ хуулийн 4.1-д зааснаас гадна дараах зарчмыг баримтална:

19.1.1.парк байгуулах, түүний хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах хөрөнгө оруулалт нь төсвийн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах;

19.1.2.паркийн нутаг дэвсгэрт энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагааг явуулах;

19.1.3.паркийн үйл ажиллагаатай нийцсэн дотоодын болон гадаадын компанийн салбар, нэгжийг паркад хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаа явуулахыг хөхиүлэн дэмжих;

19.1.4.паркийн нутаг дэвсгэрт сэргээгдэх эрчим хүч, байгаль орчинд ээлтэй технологийг ашиглах, ногоон байгууламж бүхий орчин бүрдүүлэхийг тэргүүн ээлжинд анхаарах.

20 дугаар зүйл.Паркийн удирдлагын чиг үүрэг

20.1.Паркийн удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагаас бүрдэнэ.

20.2.Төлөөлөн удирдах зөвлөл нь Засгийн газар, орон нутаг, паркийн нэгжийн төлөөллөөс бүрдэх бөгөөд нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийг паркийн нэгжээс сонгоно.

20.3.Төлөөлөн удирдах зөвлөл паркийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

20.3.1.паркийн хөгжлийн талаар өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.3.2.паркийн хөгжлийн онцлогтой уялдсан гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар шаардлагатай тохиолдолд өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал оруулж шийдвэрлүүлэх;

/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.3.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

20.4.Паркийн гүйцэтгэх удирдлага паркийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

20.4.1.паркийг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах;

20.4.2.хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилтийг зохион байгуулах;

20.4.3.техник, эдийн засгийн үндэслэл, технологийн түвшний үнэлгээ, холбогдох байгууллагаар гаргуулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэн паркийн нэгжтэй гэрээ байгуулах;

20.4.4.паркийн нэгжийн хэвийн үйл ажиллагаа явуулах орчин, дэд бүтцийг бүрдүүлэх, холбогдох заавар, удирдамжаар хангах;

20.4.5.энэ хуулийн 20.4.1-20.4.4-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөх үйлчилгээг гэрээний үндсэн дээр авах;

20.4.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

21 дүгээр зүйл.Паркийн үйл ажиллагаа

21.1.Паркийн нутаг дэвсгэрт дараах чиглэлийн үйл ажиллагаа явуулна:

21.1.1.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил явуулах, дэвшилтэт техник, технологийг дамжуулах;

21.1.2.инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;

21.1.3.сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн сүлжээ бий болгох;

21.1.4.нийгмийн суурь үйлчилгээ, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтыг тухайн бүс, орон нутгийн чадавхид түшиглэн цогцолбороор байгуулах;

21.1.5.агуулах, тээвэрлэлт, логистикийн үйлчилгээ үзүүлэх;

21.1.6.паркийн нутаг дэвсгэрт хэвийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөлийг бүрдүүлэх.

21.2.Паркийн үйл ажиллагааг энэ хуулийн 12.1-д заасан эх үүсвэрээс гадна паркийн өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлнэ.

21.3.Паркад Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1-д заасан үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

/Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ТАВДУГААР БҮЛЭГ - ВЕНЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН КОМПАНИ

[edit]

22 дугаар зүйл.Венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагаа

22.1.Венч хөрөнгө оруулалтын компани нь хөрөнгө оруулалтын зорилго, өөрийн активын зарцуулалтын нөхцөл, хязгаарлалт, эрсдлийг бууруулах арга хэмжээ зэргийг тусгасан хөрөнгө оруулалтын бодлоготой байна

22.2.Венч хөрөнгө оруулалтын компани энэ хуульд заасан инновацийн үйл ажиллагаатай холбоотой дараах үйл ажиллагааг санхүүжүүлнэ:

22.2.1.шинэ болон шинэчлэгдсэн бүтээгдэхүүн, технологи бий болгоход чиглэгдсэн хэрэглээний судалгаа, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийх;

22.2.2.оюуны өмчийн болон зах зээлийн судалгаа хийх;

22.2.3.үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлт, сэлгэлт хийх;

22.2.4.шинэ технологи, аргачлал, бүтээгдэхүүний туршилт хийх;

22.2.5.инновацийн дэд бүтцийг байгуулах;

22.2.6.оюуны өмчид эрхийн хамгаалалт хийх, түүнийг эзэмших, шилжүүлэх.

22.3.Венч хөрөнгө оруулалтын компаниас дараах салбар, хуулийн этгээдэд хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагааг нь санхүүжүүлэхийг хориглоно:

22.3.1.цэрэг, батлан хамгаалахын салбар;

22.3.2.уул уурхайн түүхий эдийн олборлолт;

22.3.3.барилга угсралт;

22.3.4.банк, санхүүгийн байгууллага;

22.3.5.хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч;

22.3.6.аудитын болон үнэлгээний компани;

22.3.7.согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл;

22.3.8.хонжворт сугалаа, бооцоот тоглоом.

/Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

23 дугаар зүйл.Венч хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулах, бүртгүүлэх

23.1.Инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор иргэн, хуулийн этгээд хамтран венч хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулж болно.

23.2.Венч хөрөнгө оруулалтын компанийн оноосон нэрэнд "венч хөрөнгө оруулалтын компани" гэсэн тэмдэглэгээг заавал хэрэглэнэ.

23.3.Венч хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулах баримт бичиг нь хөрөнгө оруулалтын бодлого, дүрэм, менежментийн гэрээнээс бүрдэнэ.

23.4.Венч хөрөнгө оруулалтын компанийн дүрэмд дараах зүйлийг тусгана:

23.4.1.цэвэр активын үнэлгээ хийх, венч хөрөнгө оруулалтын компанийн хувьцаа гаргах, гаргасан хувьцааг эргүүлэн худалдан авах журам;

23.4.2.венч хөрөнгө оруулалтын компанийн цэвэр активын зохистой бүтэц;

23.4.3.нэг удаагийн хэлцлээр хийж болох гэрээний үнийн дүнгийн дээд хэмжээ;

23.4.4.хараат бус үнэлгээчин болон аудиторын үйлчилгээний хөлсийг тогтоох, холбогдон гарах зардлыг олгох;

23.4.5.венч хөрөнгө оруулалтын компанийн үндсэн хөрөнгө болон хөрөнгө оруулсан активын нягтлан бодох бүртгэлийн журам;

23.4.6.ногдол ашгийн бодлого;

23.4.7.венч хөрөнгө оруулалтын компанийн удирдах зөвлөлийн батлах гэрээний үнийн дүнгийн доод хэмжээ;

23.4.8.хөрөнгө оруулалтын үндсэн чиглэл.

23.5.Венч хөрөнгө оруулалтын компани нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэртэй байна.

23.6.Олон нийтэд зориулан сурталчилгаа явуулдаггүй, хаалттай хэлбэрээр зохион байгуулагдсан венч хөрөнгө оруулалтын компани байж болно.

23.7.Венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа нь гурваас багагүй, наймаас илүүгүй жил байна.

23.8.Энэ хуульд заасны дагуу бүртгүүлсний дараа хөрөнгө оруулагчдын нэгдлийг венч хөрөнгө оруулалтын компанид тооцно.

23.9.Венч хөрөнгө оруулалтын компанийн хувь нийлүүлэгч нь төр, иргэн, хуулийн этгээд байж болно.

23.10.Венч хөрөнгө оруулалтын компанид хөрөнгийн үнэлгээний болон аудиторын үйлчилгээ үзүүлэх этгээд венч хөрөнгө оруулалтын компанийн хувь нийлүүлэгч, түүний нэгдмэл сонирхолтой этгээд байхыг хориглоно.

23.11.Хуулиар хориглосноос бусад тохиолдолд гадаадын иргэн, хуулийн этгээд венч хөрөнгө оруулалтын компанийн хувь нийлүүлэгч байж болно.

/Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

24 дүгээр зүйл.Венч хөрөнгө оруулалтын компанийн удирдлага

24.1.Венч хөрөнгө оруулалтын компанийн удирдлагыг венч хөрөнгө оруулалтын компани өөрөө, эсхүл менежментийн гэрээ байгуулсан менежментийн компани гүйцэтгэж болно.

24.2.Менежментийн компанийн үйл ажиллагааг энэ хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай, Компанийн тухай хуулиар зохицуулна.

24.3.Энэ хуулийн 23.4.3, 23.4.6-д зааснаас бусад тохиолдолд менежментийн компани нь венч хөрөнгө оруулалтын компанийн хөрөнгийг түүний нэрийн өмнөөс удирдаж хөрөнгө оруулалтын шийдвэрийг бие даан гаргаж болно.

24.4."Хөрөнгө оруулалтын шийдвэр" гэж венч хөрөнгө оруулалтын компанийн удирдлагыг хэрэгжүүлэх явцад тухайн компанийн венч активаар оруулалтын компанийн хөрөнгө оруулалтын бодлогод нь нийцүүлэн гаргасан хөрөнгө оруулалтын хэрэгсэл худалдан авах, худалдах шийдвэрийг хэлнэ.

24.5.Менежментийн компани нь зөвхөн хувийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эрхэлнэ.

24.6.Менежментийн компани нь дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

24.6.1.венч хөрөнгө оруулалтаас бусад төрлийн үйл ажиллагаа;

24.6.2.тусгай болон нөөцийн санг үүсгэн байгуулах;

24.6.3.хувьцаа болон өрийн бичгээс өөр төрлийн үнэт цаас гаргах;

24.6.4.венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа дуусахаас өмнө ногдол ашиг хувиарлах.

24.7.Менежментийн компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн зөвшөөрсөн аудитын компанитай аудитын шалгалт хийлгэх тухай гэрээ байгуулах үүрэгтэй.

24.8.Аудитор нь венч хөрөнгө оруулалтын компанийн нягтлан бодох бүртгэл, түүний дотор бүртгэл тайлан нь энэ хууль, бусад хууль тогтоомж болон Санхүүгийн зохицуулах хорооноос батлан гаргасан журамд нийцэж байгаа эсэхийг шалгаж дүгнэлт гаргана.

24.9.Аудитор нь венч хөрөнгө оруулалтын компанийн, түүний менежментийн компани болон үнэлгээчинтэй нэгдмэл сонирхолтой этгээд байхыг хориглоно.

/Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

25 дугаар зүйл.Венч хөрөнгө оруулалтын компанийн актив, активын үнэлгээ

25.1.Венч хөрөнгө оруулалтын компанийн өөрийн хөрөнгө нь итгэмжлэн удирдах гэрээний үндсэн дээр хөрөнгө оруулалтын компанийн гишүүдээс татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгөөс бүрдэнэ.

25.2.Венч хөрөнгө оруулалтын компанийн өөрийн хөрөнгийн доод хэмжээ нэг тэрбум төгрөг байна.

25.3."Венч хөрөнгө оруулалтын компанийн актив" гэж хөрөнгө оруулалтын компанийн нийт хөрөнгөөс удирдлагын зардалд ногдох хэсгийг хассан дүн буюу хөрөнгө оруулалтад зориулсан хөрөнгийг хэлнэ.

25.4.Венч хөрөнгө оруулалтын компанийн активд дараах зүйлийг оруулахыг хориглоно:

25.4.1.газар, мал, ургамал, дуусаагүй барилга, бараа материал, ашигт малтмалын орд газар эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөл болон бүх төрлийн гэрчилгээ;

25.4.2.зээлээр авсан болон зээлийн батлан даалтанд байгаа хөрөнгө;

25.4.3.хамтын санхүүжилтийн бусад байгууллагын гаргасан үнэт цаас.

25.5.Гадаад улсын үнэт цаас гаргагчийн үнэт цаасны эзлэх хувь хөрөнгө оруулалтын компанийн нийт хөрөнгийн 20 хувиас илүүгүй байна.

25.6.Венч хөрөнгө оруулалтын компанийн цэвэр хөрөнгийн өртгийг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу тооцоолно.

25.7.Венч хөрөнгө оруулалтын компанийн активын бүрэлдэхүүнд байгаа хөрөнгийг холбогдох тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчин үнэлнэ.

25.8.Энэ хуулийн 25.7-д заасан хөрөнгийг венч хөрөнгө оруулалтын компанид хүлээн авах, аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэх үед үнэлэх бөгөөд бусад үед жилд нэгээс доошгүй удаа дахин үнэлгээ хийж байна.

25.9.Үнэлгээ хийх этгээд нь венч хөрөнгө оруулалтын компани, түүний менежментийн компани, аудитын компанийн нэгдмэл сонирхолтой этгээд байхыг хориглоно.

/Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

26 дугаар зүйл.Венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагааг дуусгавар болгох

26.1.Венч хөрөнгө оруулалтын компанийг Компанийн тухай хууль болон дараах үндэслэлээр татан буулгаж болно:

26.1.1.венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагаа эрхлэх хугацаа дууссан;

26.1.2.венч хөрөнгө оруулалтын компанийн үндсэн хөрөнгийг дүрэмд заасан хугацаанд татан төвлөрүүлж чадаагүй;

26.1.3.венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх нь оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлах бол.

26.2.Улсын бүртгэлээс хасагдсанаар венч хөрөнгө оруулалтын компанийг татан буугдсанд тооцно.

26.3.Венч хөрөнгө оруулалтын компанийг татан буулгасан үед уг венч хөрөнгө оруулалтын компанийн хөрөнгийг худалдан борлуулна.

26.4.Венч хөрөнгө оруулалтын компанийн хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлого болон уг венч хөрөнгө оруулалтын компанийн мөнгөн хөрөнгийг дараах хэлбэрээр хуваарилна:

26.4.1.эхний ээлжинд уг венч хөрөнгө оруулалтын компанийн хөрөнгөнөөс барагдуулах ёстой өр төлбөр, татан буулгах үйл ажиллагаатай холбоотой зардал;

26.4.2.дараагийн ээлжинд менежментийн компанийн үйлчилгээний хөлс;

26.4.3.дээрх нөхөн төлбөрүүдийг төлж барагдуулсны дараагаар үлдсэн мөнгөн хөрөнгийг уг венч хөрөнгө оруулалтын компанийн гишүүдэд эзэмшиж байгаа нэгж эрхтэй нь хувь тэнцүүлэн хуваарилна.

/Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ - УЛСЫН ТӨСВИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ГҮЙЦЭТГЭСЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ҮР ДҮНД БИЙ БОЛСОН ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ

[edit]

27 дугаар зүйл.Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг эзэмших, ашиглах

27.1.Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явцад бий болсон оюуны өмчийг шинжлэх ухаан, технологийн төсөл санхүүжүүлэх гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн ажлыг гүйцэтгэсэн иргэн болон хуулийн этгээд эзэмшиж болох бөгөөд өмчлүүлэх, эзэмшүүлэх журмыг Засгийн газар батална.

27.2.Эрдэм шинжилгээний байгууллага дэргэдээ технологи дамжуулалт хариуцсан нэгж, гарааны компани болон гарааны компанид дэмжлэг үзүүлэх зорилго бүхий зөвлөх компанийг үүсгэн байгуулж, дараах чиглэлээр ажиллуулж болно:

27.2.1.зөвлөх компани нь инновацийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчид зуучлах гэрээг гарааны компанитай байгуулах;

27.2.2.зөвлөх компани нь энэ хуулийн 27.2.1, 27.11-д зааснаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох;

27.2.3.гарааны компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 11-ээс доошгүй хувийг үүсгэн байгуулсан эрдэм шинжилгээний байгууллага эзэмших;

27.2.4.эрдэм шинжилгээний байгууллагын эрх бүхий этгээд нь гарааны компанийн эзэмшлийн хувиа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлүүлсэн дүгнэлтийг үндэслэн таван жилийн дотор худалдан борлуулах.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

27.3.Эрдэм шинжилгээний байгууллага өөрийн эзэмшлийн оюуны өмчийг эрх бүхий байгууллагаар үнэлүүлэн гарааны компанийн дүрмийн санд хувь нийлүүлэн оруулж болно.

27.4.Эрдэм шинжилгээний байгууллагын харьяа гарааны компанийн үйл ажиллагааны орлого, зарлагыг тусгай дансанд бүртгэх бөгөөд эрдэм шинжилгээний байгууллагад ногдох ногдол ашгийн 75-аас доошгүй хувийг сургалт, эрдэм шинжилгээ, технологийн туршилт, зүгшрүүлэлтийн зориулалтаар ашиглана.

27.5.Зохиогчийн анхдагч эрхийг уг оюуны өмчийг бий болгосон судлаач болон эрдэм шинжилгээний байгууллагаас бусад хуулийн этгээд лицензээр эзэмшсэн тохиолдолд тэдгээрт роялти төлнө.

27.6.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг ашиглан гадаад улсад үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.7.Энэ хуулийн 27.6-д заасан байгууллагын зөвшөөрөлтэйгөөр төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн оюуны өмчийг ашиглан гадаад улсад үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах тохиолдолд олон улсын гэрээ, конвенцид заасны дагуу тухайн улсад уг оюуны өмчийн эрхийг баталгаажуулах, хамгаалах арга хэмжээг авна.

27.8.Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эзэмшигч энэ хуулийн 27.6-д заасныг зөрчсөн тохиолдолд түүний тухайн оюуны өмчийг эзэмших эрхийг түдгэлзүүлэх, дараагийн эзэмшигчид шилжүүлэх, ашиглуулах харилцааг энэ хуулийн 27.1-д заасан журмаар зохицуулна.

27.9.Онцгой нөхцөл байдал үүсэх үед болон үндэсний эрх ашгийг хангах зорилгоор Засгийн газар төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг дараах лицензийн нөхцөлөөр ашиглах бүрэн эрхтэй:

27.9.1.онцгой эрхгүй лиценз;

27.9.2.дамжуулах эрхгүй лиценз;

27.9.3.цуцлах эрхгүй лиценз;

27.9.4.төлбөрийг барагдуулсан лиценз.

27.10.Төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг эзэмшигч нь эрдэм шинжилгээний байгууллага байх тохиолдолд дараах үүргийг хүлээнэ:

27.10.1.оюуны өмчийг зохиогч, бүтээгчид роялти хуваарилах;

27.10.2.оюуны өмчийн ашиглалтаас олох роялти орлогоос тухайн оюуны өмчийг зохиогч, бүтээгчдэд төлсөн роялтийг хуваарилсны дараа үлдэх орлогыг зөвхөн инновацийн судалгаа, сургалтад зарцуулах;

/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

27.10.3.оюуны өмчийг төрийн өмчит үйлдвэрийн газарт нэвтрүүлснээс олсон роялти орлого нь оюуны өмчийн эрхийг эзэмшигчийн жилийн төсвийн таван хувиас хэтэрсэн тохиолдолд илүү гарсан орлогын 75 хувийг улсын төсөвт төвлөрүүлэх, 25 хувийг эзэмшигч нь сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, технологийн зүгшрүүлэлтийн үйл ажиллагаанд зарцуулах.

/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.11.Зөвлөх компани нь гарааны компанийн өөрийн эзэмшлийн хувийг худалдан борлуулж болно.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

ДОЛДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ

[edit]

28 дугаар зүйл.Инновацийн үйл ажиллагаанд оролцогчийн олон улсын хамтын ажиллагаа

28.1.Инновацийн үйл ажиллагаанд оролцогчийн олон улсын хамтын ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хэрэгжинэ.

28.2.Хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, гадаад улс, тэдгээрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт инновацийн төсөл хэрэгжүүлэхээр хамтарсан компани байгуулж болно.

28.3.Инновацийн үйл ажиллагаанд оролцогч нь инновацийн олон улсын байгууллагуудад бие даан гишүүнээр элсэн орох, олон улсын инновацийн төслүүдэд оролцох, гэрээ хэлэлцээр байгуулах эрхтэй.

29 дүгээр зүйл.Инновацийн мэдээллийн нууцлал, хамгаалал

29.1.Инновацийн үйл ажиллагаанд оролцогчдын мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу зохицуулна.

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хуулиар өөрчлөлт оруулсан/

29.2.Нууцыг хадгалах, хууль бус эзэмшлээс сэргийлэхтэй холбоотой хариуцлагын талаарх эрх, үүргийг инновацийн төсөл хэрэгжүүлэгч талууд гэрээгээр тогтооно.

30 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

30.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

30.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ


This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.