Jump to content

Монгол Улсын Газрын тухай хууль (1994)

From Wikisource
Монгол Улсын Газрын тухай хууль (1994)
321571Монгол Улсын Газрын тухай хууль1994

/Энэ хуулийг 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

ГАЗРЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

[edit]

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Газрын тухай хууль тогтоомж

1.Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтны аймаг болон байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжийн актаар зохицуулна.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

1/"газар" гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий зохих орон зайн давхаргыг хэлнэ;

2/"газар өмчлөх" гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ;

3/"газар эзэмших" гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхгүйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд болон гэрээнд заасны дагуу өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ;

4/"газар ашиглах" гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхгүйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд болон гэрээнд заасны дагуу газрын аль нэг шинж чанарыг ашиглах тодорхой үйл ажиллагааг хэлнэ;

5/"газрыг чөлөөлөх" гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон газар эзэмших, ашиглах гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг хэлнэ.

4 дүгээр зүйл.Газрын талаар төрөөс баримтлах зарчим

1/газар төрийн хяналт, хамгаалалтад байх;

2/газрын сан нэгдмэл байх;

3/газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;

4/газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой ашиглах;

5/хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх.

5 дугаар зүйл.Газар өмчлөх

1.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.

2.Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно.

3.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхтэй холбогдсон харилцааг зохих хуулиар зохицуулна.

6 дугаар зүйл.Газар эзэмшигч, ашиглагч

1.Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглана.

2.Гадаад улсын хуулийн этгээд, иргэн, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно.

7 дугаар зүйл.Газрын төлбөр

1.Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө.

2.Газрын төлбөрийн дээд, доод хэмжээ, газрын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, түүнээс чөлөөлөх журмыг хуулиар тогтооно.

3.Газрын төлбөрийн орлогыг орон нутгийн төсөвт оруулна. Уг орлогын зохих хэсгийг газар хамгаалах, нөхөн сэргээхэд зориулан зарцуулна.

8 дугаар зүйл.Хилийн цэсийн, газар усны нэрийн болон газрын сангийн зураг, газар усны нэр

1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүр хилийн цэсийн, газар усны нэрийн болон газрын сангийн зурагтай байна.

2. 1:25000-гаас багагүй масштабтай хилийн цэсийн газар усны нэрийн зургийг Улсын Их Хурал, газрын сангийн зургийг Засгийн газрын эрх бүхий байгууллага тус тус батална.

3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн, газар усны нэрийн болон газрын сангийн зургийн улсын хэмжээний иж бүрэн хувийг Засгийн газрын эрх бүхий байгууллага; аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн зургийг тухайн шатны Засаг дарга тус тус хадгална.

4.Хилийн цэсийн, газар усны нэрийн болон газрын сангийн зургийг хадгалах, ашиглах, тэдгээрт орсон өөрчлөлтийг тусгах журмыг Засгийн газрын эрх бүхий байгууллага тогтооно.

5.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн ба газар усны нэрийн зургийг Улсын Их Хурал баталснаар уг газар усны уламжлалт нэр албан ёсны болсонд тооцогдоно. Газар усны албан ёсны нэрийг зөвхөн Улсын Их Хурал өөрчилнө.

6.Албан ёсны баримт бичигт болон арга хэмжээнд газар усны давхар нэр хэрэглэх, газар усны албан ёсны нэрийг монгол хэлнээс бусад хэлээр орчуулах, бусад хэлний дуудлагаар галиглан бичихийг хориглоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ - МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН НЭГДМЭЛ САН, ТҮҮНИЙ ҮНДСЭН АНГИЛАЛ

[edit]

9 дүгээр зүйл.Газрын нэгдмэл сан

1.Монгол Улсын хил доторх бүх газар нь өмчийн төрлөөс үл хамааран газрын нэгдмэл сан мөн.

2.Газрын нэгдмэл санг газар ашиглалтын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан ангилна.

10 дугаар зүйл.Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал

Монгол Улсын газрын нэгдмэл санг дараахь байдлаар ангилна:

1/хөдөө аж ахуйн газар;

2/хот, тосгон, бусад суурины газар;

3/зам, шугам сүлжээний газар;

4/ойн сан бүхий газар;

5/усны сан бүхий газар;

6/нөөц газар.

11 дүгээр зүйл.Хөдөө аж ахуйн газар

Хөдөө аж ахуйн газарт бэлчээр, хадлан тариалан, таримал ургамлын талбай, атаршсан газар, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан бусад газар хамаарна.

12 дугаар зүйл.Хот, тосгон, бусад суурины газар

1.Хот, тосгон, бусад суурины газарт хот, тосгон, бусад суурины барилга байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр болон нийтийн эдэлбэрийн газар хамаарна.

2.Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна.

13 дугаар зүйл.Зам, шугам сүлжээний газар

Зам, шугам сүлжээний газарт эрчим хүч, дулаан, усан хангамж, холбоо, мэдээлэл, зам тээврийн зориулалтаар хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газар хамаарна.

14 дүгээр зүйл.Ойн сан бүхий газар

Ойн сан бүхий газарт ой мод, загтай газар, модыг нь огтолсон талбай, ойн цоорхой, зурвас болон ойг өсгөн үржүүлэхэд зориулсан газар, мөн ой тэлэн ургах боломжийг хангахуйц ойн захын тодорхой хэсэг газар хамаарна.

15 дугаар зүйл.Усны сан бүхий газар

Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, мөрөн, гол, горхи, булаг, шанд, мөнх цас, мөсөн голын эзэлж байгаа болон усны эрэг орчмын газар хамаарна.

16 дугаар зүйл.Нөөц газар

Нөөц газарт энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5-д заасан газарт хамаараагүй бүх газар хамаарна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ - ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНИЙ ГАЗАР

[edit]

17 дугаар зүйл.Тусгай хэрэгцээний газар

1.Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна.

2.Аймаг, нийслэл, сум, дүүрэг тусгай хэрэгцээний газартай байж болно.

3.Газрын нэгдмэл сангийн аль ч ангиллын газраас улсын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн тусгай хэрэгцээнд авч болно.

18 дугаар зүйл.Тусгай хэрэгцээнд авах газрын зориулалт

1.Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна:

1/улсын тусгай хамгаалалттай газар;

2/хилийн зурвас газар;

3/улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газар;

4/гадаад улсын дипломат төлөөлөгчдийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газар;

5/мал тууврын улсын чанартай замын газар;

6/аймаг дундын отрын бэлчээр;

7/улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай;

8/улсын хэмжээний аялал, жуулчлал, рашаан, сувиллын газар;

9/шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай;

10/улсын чанартай төмөр замын зурвас газар.

/Энэ заалтыг 1996 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

2.Аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1,5,6,7,8-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг тусгай хэрэгцээнд авч болно.

19 дүгээр зүйл.Газрыг тусгай хэрэгцээнд авах

1.Газрыг энэ хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2,4-т заасан зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Улсын Их Хурал, үүнээс бусад зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Засгийн газар тус тус шийдвэрлэнэ.

2.Газрыг аймаг, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг тухайн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргын өргөн мэдүүлснээр аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сум, дүүргийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг тухайн нэгжийн Засаг даргын өргөн мэдүүлснээр сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус шийдвэрлэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ТАЛААРХ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРЭН ЭРХ

[edit]

20 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

Улсын Их Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогыг тодорхойлох;

2/газрын төлбөрийн дээд, доод хэмжээг тогтоох;

3/энэ хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 4-т заасан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, заагийг тогтоох;

4/бүс нутгийг хамарсан олон улсын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх болон эдийн засгийн тусгай бүс байгуулах зорилгоор гадаад улсын хуулийн этгээд болон олон улсын байгууллагад ашиглуулах газрын хэмжээ, байршлыг тогтоох.

21 дүгээр зүйл.Засгийн газрын бүрэн эрх

1.Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, ,газрын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хангах ;

2/газрын суурь үнэлгээ болон Улсын Их хурлаас тогтоосон хэмжээнд газрын төлбөр тогтоох;

3/энэ хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 4-т зааснаас бусад газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, эрх бүхий байгууллагынхаа мэдэлд шилжүүлэх, эдгээр газрын хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох;

4/энэ хуулийн 20 дугаар зүйлийн 4-т заасан газрын зааг, ашиглах журмыг тогтоох;

5/Улсын Их хуралтай зөвшилцөн гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах тухай шийдвэр гаргах;

6/улсын тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох ;

7/газрын нэгдмэл сангийн данс бүртгэл, тайлан хөтлөх журам, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журмыг тогтоох;

8/улсын хил орчмын нутаг дэвсгэрт газрыг гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллагад бэлчээр, хадлангийн зориулалтаар түр хугацаагаар ашиглуулах асуудлыг шийдвэрлэх.

2.Засгийн газрын эрх бүхий байгууллага газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/газрын тухай хууль тогтоомж, газрын харилцааны талаарх Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

2/газрын үндсэн ангилалд хамаарах газрыг тогтоох,газрыг нэг ангиллаас нөгөөд шилжүүлэх;

3/газар зохион байгуулалтын улсын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, газар зохион байгуулалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн хоорондын газар зохион байгуулалтыг эрхлэх;

4/энэ хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т зааснаас бусад улсын тусгай хэрэгцээний газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;

5/газрын нэгдмэл сангийн данс бүртгэл, газрын хуваарилалт, ашиглалт, хамгаалалт, тэдгээрийн хөдөлгөөний тайланг жил бүр нэгтгэн Засгийн газарт танилцуулах.

22 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/Газрын тухай хууль тогтоомж, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, шаардлагатай гэж үзвэл энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэх;

2/Засаг даргын өргөн мэдүүлснээр нутаг дэвсгэртээ тухайн жилд газар эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах хөтөлбөрийг хэлэлцэн батлах;

3/Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаагаас бусад газрыг аймаг, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох.

2.Аймаг, нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогыг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж газрын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хангах;

2/аймаг, нийслэлд тухайн жилд газар эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах хөтөлбөрийн төслийг Засгийн газрын эрх бүхий байгууллагатай зөвшилцөн боловсруулж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

3/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаагаас бусад газрыг аймаг, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг холбогдох сум, дүүргийн Засаг даргатай тохиролцсоны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

4/сум, дүүргийн Засаг даргын саналыг харгалзан аймаг, нийслэлийн хөгжилд чухал ач холбогдол бүхий ажил, үйлдвэрлэл эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах талаар шийдвэр гаргах;

5/аймаг, нийслэлийн тусгай хэрэгцээний газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах тухай шийдвэр гаргах;

6/нутаг дэвсгэрийнхээ газрын нэгдмэл сангийн сум, дүүргийн данс бүртгэл, газрын хуваарилалт, ашиглалт, хамгаалалт, тэдгээрийн хөдөлгөөний тайланг жил бүр хянан нэгтгэж, Засгийн газрын эрх бүхий байгууллагад гаргаж өгөх.

23 дугаар зүйл.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/газрын тухай хууль тогтоомж, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, шаардлагатай гэж үзвэл энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэх;

2/Засаг даргын өргөн мэдүүлснээр нутаг дэвсгэрийнхээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах;

3/Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаагаас бусад газрыг сум, дүүргийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох.

2.Сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/нутаг дэвсгэртээ газрын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хангах;

2/нутаг дэвсгэртээ газар эзэмшигч, ашиглагчдаас газар, түүний баялгийг хууль тогтоомж болон гэрээнд нийцүүлэн үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих;

3/аймаг, нийслэлд тухайн жилд газар эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах хөтөлбөрийн төсөл боловсруулахад саналаа өгөх, батлагдсан хөтөлбөрийн дагуу сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл боловсруулж сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

4/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаагаас бусад газрыг сум, дүүргийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

5/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргах;

6/сум, дүүргийн тусгай хэрэгцээний газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах тухай шийдвэр гаргах;

7/хууль тогтоомжоор тогтоосон журам, хувь хэмжээг баримтлан газар эзэмшигч, ашиглагчдад газрын төлбөр ногдуулах, авах ажлыг зохион байгуулах;

8/газрын нэгдмэл сангийн сум, дүүргийн данс бүртгэл, газрын хуваарилалт, ашиглалт, хамгаалалт, тэдгээрийн хөдөлгөөний тайланг дээд шатны Засаг даргад гаргаж өгөх.

24 дүгээр зүйл.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй газрын нийтийн ашиглалтыг зохицуулах;

2/бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй бэлчээрийн улирлын хуваарь тогтоох, хадлангийн талбайг хуваарилах;

3/баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн ашиглалтын газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах;

4/бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй өвөлжөө, хаваржааг Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэдэд хуваарилах;

5/газар эзэмшигч, ашиглагчийн газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах шаардлагын биелэлтэд тавих хяналтын талаар Засаг даргын тайланг сонсох.

2.Баг, хорооны Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/газрын тухай хууль тогтоомж, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаарх нийтлэг шаардлагын биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг нь хангах;

2/дээд шатны байгууллага болон баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас газрын ашиглалт, хамгаалалтын асуудлаар гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах;

3/нутаг дэвсгэртээ нийтийн ашиглалтын газрын ашиглалт, хамгаалалт, эрүүл ахуй, ариун цэврийн асуудлыг хариуцах.

ТАВДУГААР БҮЛЭГ - ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН КАДАСТР, ТАЙЛАН

[edit]

/Энэ бүлгийн гарчгийг 1999 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

25 дугаар зүйл.Газар зохион байгуулалт, түүний санхүүжилт

1.Газар зохион байгуулалт нь Газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, газрыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэх, газрын эдийн засгийн чадавхи, нөөцийг нэмэгдүүлэх, газар зүйн таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий цогцолбор арга хэмжээ мөн.

/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Газар зохион байгуулалтын арга хэмжээг Засгийн газар, түүний эрх бүхий байгууллага, бүх шатны Засаг даргын шийдвэр, газар эзэмшигч, ашиглагчийн захиалгыг үндэслэн Засгийн газрын эрх бүхий байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

3.Газар зохион байгуулалтын журмыг Засгийн газар тогтооно.

4.Газар зохион байгуулалт хийх тухай Засгийн газар, түүний эрх бүхий байгууллага, бүх шатны Засаг даргын шийдвэрийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй.

5.Газар зохион байгуулалтыг дараахь байдлаар санхүүжүүлнэ:

1/засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тогтоох, өөрчлөх, бүс нутгийн хөгжлийн төлөвийг тодорхойлохтой холбогдсон газар зохион байгуулалтыг улсын төвлөрсөн төсвөөс;

2/аймаг, нийслэл, сум, дүүрэг, хот, тосгон, бусад суурины газар зохион байгуулалтыг орон нутгийн төсвөөс;

3/иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшиж, ашиглаж байгаа газартаа хийлгэх газар зохион байгуулалтыг өөрийн хөрөнгөөр.

26 дугаар зүйл.Газрын кадастр, тайлан

1.Газрын кадастрт энэ хуулийн 9-16 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн ангиллаар хуваарилсан байдал, тэдгээрийн хэмжээ, чанар, үнэлгээ, төлбөр, шилжилт хөдөлгөөн, газрын улсын бүртгэл, газрыг хамгаалах талаар авсан арга хэмжээ зэрэг үзүүлэлтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрээр тусгана.

/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хууль, 1999 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/

2.Газрын тайланд газрын хуваарилалт, газрын улсын бүртгэл, ашиглалт, хамгаалалтын байдлыг тусгаж, тэдгээрийн хөдөлгөөнийг харуулсан зургийг хавсаргасан байна.

/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Газрын тайлангийн маягтыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.Газрын нэгдмэл сангийн сум, дүүргийн тайланг Засаг дарга тухайн оны 10 дугаар сарын 1-ний байдлаар тасалбар болгон гаргаж 11 дүгээр сарын 15-ны дотор аймаг, нийслэлийн Засаг даргад; газрын нэгдмэл сангийн аймаг, нийслэлийн тайланг Засаг дарга 12 дугаар сарын З1-ний дотор Засгийн газрын эрх бүхий байгууллагад тус тус гаргаж өгнө.

5.Засгийн газрын эрх бүхий байгууллага тухайн оны газрын нэгдмэл сангийн улсын тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулна.

6.Газрын кадастрын үр дүнг үндэслэн газрын тайланг гаргана.

/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.Газрын кадастртай холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ - ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ

[edit]

27 дугаар зүйл.Газар эзэмшүүлэх

1.Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрыг дундаа эзэмшиж болно.

3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оршин суугаа /оршин байгаа/ сум, дүүрэгтээ газар эзэмших давуу эрхтэй.

28 дугаар зүйл.Эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил

1.Иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулан эзэмшүүлэх хувийн гэр, орон сууцны хашааны газрын хэмжээ 0,05 га-гаас илүүгүй байна.

2.Хот, тосгон, бусад сууринд оршин суугч иргэнд хувийн гэр, орон сууцны хашааны газраас гадна гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тэжээлийн ургамал тарих зориулалтаар газар эзэмшүүлж болно. Уг газрын хэмжээ 0,1 га-гаас илүүгүй байна.

3.Иргэнд энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зориулалтаар тухайн сум, дүүрэгт эзэмшүүлэх газрын дээд хэмжээ, байршлыг хүн амын нягтрал, газрын нөөц, иргэний гэр бүлийн ам бүлийн тоог харгалзан тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

4.Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тэжээлийн ургамал тарих талбай нь хувийн гэр, орон сууцны хашааны газрын зэргэлдээ, эсхүл уг зориулалтаар тусгайлан тогтоогдсон газарт тусдаа байж болно.

5.Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зориулан эзэмшүүлэх газрын дээд хэмжээг Засгийн газар тогтооно.

6.Тухайн аж ахуйн нэгжид эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлыг түүний үйлдвэрлэлийн хүчин чадлыг харгалзан сум, дүүргийн Засаг дарга тогтооно.

7.Байгууллагад эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлыг үйл ажиллагаагаа явуулах шаардлагыг нь харгалзан сум, дүүргийн Засаг дарга тогтооно.

29 дүгээр зүйл.Газар эзэмшүүлэх хугацаа

1.Төрийн өмчийн газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 60 жил хүртэл хугацаатайгаар гэрээгээр эзэмшүүлж болно. Газар эзэмших гэрээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна.

2.Иргэн төрийн өмчийн газрыг эзэмших эрхээ өв залгамжлуулан шилжүүлж болно.

3.Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь газар эзэмших гэрээг өөрийн нэр дээр шилжүүлж анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно.

30 дугаар зүйл.Газар эзэмших тухай хүсэлт гаргах,хүлээн авах

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргад гаргана.

2.Иргэн газар эзэмших тухай хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:

1/овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний паспортын болон регистрийн дугаар;

2/эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал, хэмжээ, байршлыг харуулсан зураг;

3/газар эзэмших зориулалт, хугацаа.

3.Аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:

1/аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, харьяалал, хаяг, орших газар;

2/аж ахуйн нэгжийн гэрээ, дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3/үйлдвэрлэлийн хүчин чадал, техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлт;

4/эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, байршлыг харуулсан зураг;

5/үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, газар эзэмших зориулалт, хугацаа, газрыг ашиглах, хамгаалах төсөл;

6/тухайн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн байршлын бүдүүвч зураг.

4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтэд төлбөрийн чадварын баталгааг хавсаргана.

5.Сум, дүүргийн Засаг дарга эзэмшилд авахаар хүсэлт ирсэн газрын тухай уг хүсэлтийг хүлээн авмагц нийтэд зарлан мэдээлж, тухайн газрыг эзэмших, ашиглах талаар өөр сонирхогч этгээд байгаа эсэхийг тодруулна.

31 дүгээр зүйл.Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргах

1.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 30 дугаар зүйлийн 2,З,4,5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хянан үзэж тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн тухайн газрыг эзэмшүүлэх эсэх тухай шийдвэр гаргана.

2.Шийдвэрт газар эзэмших этгээдийн нэр, хаяг, уг газрын хэмжээ, байршил дангаар буюу дундаа эзэмших талаар нэг бүрчлэн заана. Хэрэв газар эзэмшүүлэхээс татгалзсан бол үүний шалтгаан, үндэслэлийг тодорхой заана.

3.Тухайн газрыг эзэмшихээр хоёр буюу түүнээс дээш этгээд хүсэлт гаргавал сум, дүүргийн Засаг дарга хүсэлт гаргасан этгээдийн оршин суугаа /оршин байгаа/ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал, төлбөрийн чадвар, газар эзэмших зориулалт, ашиглах үр ашиг, байгаль орчин болон газарт үзүүлэх нөлөөлөл

4.Газар эзэмшүүлэх шийдвэрийн талаар үүссэн маргааныг энэ хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу шийдвэрлэнэ.

32 дугаар зүйл. Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журам

1.Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ.

2.Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана:

1/газар эзэмшүүлэх үндэслэл /зохих шийдвэр/;

2/газар эзэмших зориулалт;

3/газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг;

4/газрын төлөв байдал, чанар;

5/газар эзэмшүүлэх хугацаа;

6/газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа;

7/гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага;

8/газар эзэмших эрх дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай тохиролцоо;

9/эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах нөхцөл, журам;

10/шаардлагатай гэж үзсэн бусад асуудал.

3.Эзэмшилд олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болгоно.

4.Газар эзэмших гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.

33 дугаар зүйл.Газар эзэмшигчийн эрх, үүрэг

1.Газар эзэмшигч дараахь эрхтэй:

1/газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг ашиглах;

2/газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах;

3/газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх;

4/гэрээний хугацаанд өөрт нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эзэмшлийн газраа бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг бусдад ашиглуулах;

5/газрын тухай хууль тогтоомж болон газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол гэрээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр гэрээг сунгуулах.

2.Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:

1/газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;

2/газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх;

3/газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх;

4/газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх;

5/бусдын газар эзэмших ашиглахтай холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх.

34 дүгээр зүйл.Газар эзэмших эрх дуусгавар болох

1.Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:

1/газар эзэмших гэрээний хугацаа дууссан;

2/газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан;

3/газар эзэмшигч газар эзэмших гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасан.

2.Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээд дараахь тохиолдолд тухайн газар эзэмших эрхийг захиргааны журмаар дуусгавар болгоно:

1/газар эзэмшигч газрын тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг болон газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

2/газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь тогтоогдсон;

3/газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан.

35 дугаар зүйл.Эзэмших эрх дуусгавар болоход газрыг чөлөөлөх

1.Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 9О хоногийн дотор уг газрыг чөлөөлж сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ.

2.Энэ хуулийн З4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 1,2-т заасан үндэслэлийн дагуу газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардлыг газар эзэмшиж байсан этгээд өөрөө хариуцна.

3.Эзэмшлийн газар нь байгалийн гамшиг,гэнэтийн бусад аюулд нэрвэгдэж цаашид тухайн зориулалтаар ашиглах боломжгүй болсон тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн газар эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан бол уг газрыг засаж тохижуулах зардлыг шаардлагатай тохиолдолд улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлж болно. Харин уг газар дээрх барилга, байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх зардлыг газар эзэмшиж байсан этгээд өөрөө хариуцна.

36 дугаар зүйл.Гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшлийн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах

1.Засгийн газрын эрх бүхий байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүхэлд нь буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчидтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно.

2.Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай Засгийн газрын эрх бүхий байгууллагын санал болон түүний газар эзэмшигчтэй хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Засгийн газрын эрх бүхий байгууллага нь сум, дүүргийн Засаг даргаар дамжуулан газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна.

4.Хувийн гэр, орон сууцны газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тохиолдолд түүнийг чөлөөлөх ажлыг зөвхөн 5 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ны хооронд хийнэ.

5.Бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахтай холбогдон үүссэн маргааныг энэ хуулийн 56 дугаар зүйлийн 1- дэх хэсгийн 1,4-т заасны дагуу шийдвэрлэнэ.

37 дугаар зүйл.Гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авахад нөхөх олговор олгох

1.Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн З6 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан гэрээ байгуулсны дараа хууль болон уг гэрээнд өөрөөр заагаагүй бол ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 9О хоногийн дотор холбогдох газрыг чөлөөлж сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ.

2.Бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрт газар эзэмшигчтэй урьдчилан хийсэн тохиролцоог харгалзан уг газраас салгаж үл болох барилга байгууламж, бусад эд хөрөнгийг тухайн үеийн ханшаар үнэлсэн үнэ, газрыг чөлөөлөх зардлыг тусгана.

3.Газар эзэмшигчид олгох нөхөх олговрыг энэ хуулийн З6 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан гэрээг байгуулахад улсын төвлөрсөн төсвөөс сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлсэн байна.

4.Энэ хуулийн З6 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол сум, дүүргийн Засаг дарга уг гэрээ байгуулсан өдрөөс хойш 6О хоногийн дотор нөхөх олговрыг уг газрыг эзэмшиж байсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гаргаж өгнө.

5.Энэ хуулийн З6 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол газар эзэмшигч өөрт нь нөхөх олговор бүрэн төлсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор уг газрыг чөлөөлнө.

6.Эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахад олгох нөхөх олговор нь тухайн газар ашиглагчид үл хамаарна.

38 дугаар зүйл.Газар ашиглуулах

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, хууль тогтоомжийн дагуу ашиглуулж болно.

2.Хуульд өөрөөр заагаагүй бол бусдын эзэмшил, ашиглалтад олгосон эсэхээс үл хамааран дараахь газрыг нийтээр ашиглана:

1/бэлчээр дэх уст цэг, хужир марз бүхий газар;

2/хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар;

3/зам, шугам сүлжээний газар;

4/ойн сан бүхий газар;

5/усны сан бүхий газар.

3.Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 30,З1,З2 дугаар зүйлийн 1,З,4 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-8, 1О-т заасан журмыг баримтална.

4.Газар эзэмшигч нь түүнд газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг бусдад ашиглуулж болно.

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан тохиолдолд газар эзэмшигч, ашиглагч хоорондоо гэрээ байгуулах бөгөөд түүнд энэ хуулийн З2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 1-8, 1О-т заасан зүйлийг газар ашиглахад нийцүүлэн тусгана.

39 дүгээр зүйл.Газар ашиглагчийн эрх, үүрэг

40 дүгээр зүйл.Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглах

1.Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч,ашиглагчтай урьдчилан тохиролцон гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа төрийн өмчийн газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно.

2.Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэйгээр буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно.

41 дүгээр зүйл.Газар эзэмших,ашиглах эрх дуусгавар болоход газар дээрх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх

1.Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хуульд болон энэ хуулийн З2 дугаар зүйл, З6 дугаар зүйлийн З дахь хэсэг, З8 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно.

2.Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход энэ хуулийн З2 дугаар зүйл, З6 дугаар зүйлийн З дахь хэсэг, З8 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн газрын эзэмшиж, ашиглаж байсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрыг анхны байдалд оруулж өгнө.

3.Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийн талаар үүссэн маргааныг энэ хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасны дагуу шийдвэрлэнэ.

42 дугаар зүйл.Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөх

1.Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалаагүй бол хэн боловч тухайн газарт хохирол учруулахгүйгээр нэвтэрч, дайран өнгөрч болно.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглох дохио тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмыг Засгийн газрын эрх бүхий байгууллага тогтооно.

43 дугаар зүйл.Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах

1.Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхээр бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг ашиглахыг шаардах эрхтэй.

2.Газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ.

3.Газар эзэмшигч, ашиглагч нь газраа бусдад хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулснаас уг газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болбол тийнхүү ашиглахыг зогсоохыг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглаж байгаа этгээдээс шаардах эрхтэй.

4.Газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахтай холбогдон үүссэн маргааныг энэ хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасны дагуу шийдвэрлэнэ.

44 дүгээр зүйл.Газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх хадгалагдах

1.Тухайн газрыг эзэмших, ашиглах эрх өөр этгээдэд шилжихэд газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах бусдын эрх хадгалагдана.

2.Газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрхийг энэ хуулийн 4З дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг өмчлөгч бус этгээдэд шилжүүлэхийг хориглоно.

45 дугаар зүйл.Гадаад улсын болон олон улсын байгууллага, хуулийн этгээдэд газар ашиглуулах

1.Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт ашиглуулах газрын хэмжээ, төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай гэж үзвэл тухайн улстай харилцан адил байх зарчмыг баримтална.

2.Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт газар ашиглуулах нөхцөл, журмыг Монгол Улсын олон улсын гэрээгээр тогтооно.

3.Гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасан журмын дагуу Засгийн газар шийдвэрлэнэ.

46 дугаар зүйл.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах

1.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахтай холбогдсон харилцааг Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтаар зохицуулна.

2.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ашиглуулсан газрын төлбөрийн хэмжээг Монгол Улсын аж ахуйн нэгжийн эзэмшилд байгаа ижил төрлийн газрынхтай нэгэн адил тогтооно. Шаардлагатай гэж үзвэл тухайн бүс нутаг, эсхүл хөрөнгө оруулагч улсад мөрдөж буй газрын төлбөрийн жишгийг баримталж болно.

3.Газрыг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн болон байгаль орчинд ивээлтэй технологиор ашиглаж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, тодорхой хугацаагаар газрын төлбөрөөс чөлөөлөх асуудлыг энэ хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн дагуу шийдвэрлэнэ.

4.Тухайн газрыг ашиглахаар гадаадын хөрөнгө оруулалттай хоёр буюу түүнээс дээш аж ахуйн нэгж, хүсэлт гаргавал дараахь үзүүлэлтээр сонголт хийнэ:

1/газар ашиглах зориулалт ;

2/үйлдвэрлэл эрхлэх хөрөнгийн чадварын баталгаа;

3/үйлдвэрлэлд хэрэглэх техник, технологийн дэвшилттэй тал;

4/байгаль орчин болон газарт үзүүлэх нөлөөлөл;

5/газрын төлбөрийн хэмжээний талаарх санал.

47 дугаар зүйл.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газар ашиглуулах

1.Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно.

2.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг 5 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ашиглуулж болно. Газар ашиглах гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна.

3.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд бэлчээрийн мал аж ахуй, үр тарианы үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар газар ашиглуулахгүй.

4.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар ашиглах тухай хүсэлт гаргахын өмнө гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагаас тодорхойлолт авна.

5.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 30, З1 дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-8, 10-т заасан журмыг баримтална.

6.Тухайн газрыг ашиглахаар хоёр буюу түүнээс дээш гадаадын иргэн, харьяалалгүй хүн хүсэлт гаргавал энэ хуулийн 46 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасан үзүүлэлтээр сонголт хийнэ.

7.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газар ашиглуулахтай холбогдсон бусад харилцааг энэ хуулийн холбогдох заалтаар зохицуулна.

48 дугаар зүйл.Зарим этгээдийн газар ашиглах эрх дуусгавар болоход газар дээрх эд хөрөнгийн эрх дуусгавар болох

ДОЛДУГААР БҮЛЭГ - ГАЗРЫГ ҮР АШИГТАЙ, ЗОХИСТОЙ АШИГЛАХ, ХАМГААЛАХ

[edit]

49 дүгээр зүйл.Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах нийтлэг шаардлага

Газар эзэмшигч, ашиглагч нь газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар дараахь шаардлагыг биелүүлнэ:

1/газрын төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, газрын ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг өөрийн зардлаар авах;

2/эвдэрч гэмтсэн газрыг тухай бүр нөхөн сэргээж байх;

3/сорилт туршилтын ажил, ашигт малтмалын эрэл хайгуулын явцад газрын төрх байдлыг өөрчлөхөд хүрвэл түүнийг нөхөн сэргээх, засаж тохижуулах;

4/газар түүний баялаг, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахдаа байгаль орчин болон газарт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;

5/ойн төгөл, ховор болон ховордсон амьтан, ургамал, түүх, соёлын дурсгалт зүйл бүхий газрыг хадгалах, хамгаалах;

6/төрийн өмчийн газар, бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт болон байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулахгүй байх.

50 дугаар зүйл.Газрыг ашиглах эрүүл ахуйн шаардлага

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглахтай холбогдолтой зураг төсөл боловсруулах, шинэ технологи нэвтрүүлэх, Монгол Улсад өмнө нь сорьж, шалгаагүй химийн бодис, бордоог газарт хэрэглэхдээ зохих мэргэжлийн эрх бүхий байгууллагаар экологийн магадлан шинжилгээг өөрийн зардлаар хийлгэнэ.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны тэнцвэрт байдал, хүн амын эрүүл мэнд, мал, амьтан, агаар, ой, ус, ургамалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж, тоног төхөөрөмж байршуулах, үйлдвэрлэлийн хаягдал, бохир ус, хортой болон бусад бодисыг газрын дор хадгалах, булах ажлыг зохих мэргэжлийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэнэ.

3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажлыг гүйцэтгэхийн өмнө энэ тухайгаа аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад урьдчилан мэдэгдэж, хүн амд мэдээлж энэ газрын хил, заагийг тэмдэгжүүлж, сэрэмжлүүлэх байнгын дохио тэмдэгтүүд өөрийн хөрөнгөөр байрлуулна.

51 дүгээр зүйл.Бэлчээр, түүнийг зохистой ашиглах, хамгаалах

1.Газрын нэгдмэл сангийн ангиллаар мал, амьтан бэлчээхэд зориулан хөдөө, аж ахуйн газарт хамааруулсан газрыг бэлчээр гэнэ.

2.Сум, дүүргийн Засаг дарга зохих мэргэжлийн байгууллагатай хамтран бэлчээрт газар зохион байгуулалтын арга хэмжээ санаачилж бэлчээрийг хамгаалах, ачааллыг нь зохицуулах арга хэмжээ авна.

3.Бэлчээрийг ашиглахдаа түүний уламжлалт тогтолцоо болох өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа гэсэн ерөнхий хуваарийг баримтална. Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана.

4.Ойн сан бүхий газрыг зохих хууль тогтоомжийн дагуу бэлчээрт ашиглаж болно.

5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан нутаг дэвсгэртээ бэлчээрийн болон суурин мал маллагааны бүс нутгийг тогтоож болно.

6.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга даац хэтэрсэн, талхлагдсан бэлчээрийг малын хөлөөс чөлөөлөх, малын тоог хязгаарлах зэрэг бэлчээрийг хамгаалах арга хэмжээ авч болно.

7.Байгалийн гамшиг,гэнэтийн бусад аюулын улмаас өөр аймаг, сумын нутаг дэвсгэрт нүүдэллэх шаардлага гарвал зохих шатны Засаг дарга нар уг асуудлыг тохиролцон шийдвэрлэнэ. Хэрэв тохиролцохгүйд хүрвэл уг асуудлыг тэдгээрийн дээд шатны Засаг дарга буюу Засгийн газар шийдвэрлэнэ.

8.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан шийдвэрийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй.

52 дугаар зүйл.Хадлангийн талбайг зохистой ашиглах, хамгаалах

1.Сум, дүүргийн Засаг дарга мэргэжлийн зохих байгууллагатай хамтран хадлангийн талбайд газар зохион байгуулалтын арга хэмжээ санаачилж, түүнийг хамгаалах арга хэмжээ авна.

2.Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуваарийг үндэслэн олгож, тэдгээрт түүний хамгаалалтыг хариуцуулж болно.

3.Хадлангийн талбайд 5 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд мал, амьтан бэлчээхийг хориглоно.

4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сум, дүүргийн Засаг даргатай тохиролцон бэлчээрийн зохих ургацтай хэсгийг хадлангийн талбай болгон ашиглах.

53 дугаар зүйл.Тариалангийн талбайг зохистой ашиглах, хамгаалах

1.Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд шинээр тариалангийн талбай бий болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

2.Тариалангийн талбайг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах анхны хугацаа нь 5 жилээс доошгүй 25 жилээс илүүгүй байна.

3.Тариалангийн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хөрсийг хамгаалах, түүний үржил шимийг бууруулахгүй байх арга хэмжээ байнга авч, хууль тогтоомжид заасан хугацаа, журмын дагуу тухайн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгүүлнэ.

4.Иргэн өвөлжөөндөө байгаа хувийн гэр, орон сууцны хашааны газартаа гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тэжээлийн ургамал тарьж болно.

5.Мал, амьтан бэлчээхэд тусгайлан зориулснаас бусад тохиолдолд тариалангийн талбайд үр суулгаснаас ургац хурааж дуусах хүртэл хугацаанд мал, амьтан бэлчээхийг хориглоно.

54 дүгээр зүйл.Газрын нэгдмэл санд төрийн хяналт тавих

1.Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн биелэлтэд Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу хяналт тавина.

2.Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих мэргэжлийн хяналтыг хууль тогтоомжийн дагуу эрх олгогдсон байгаль орчны хяналтын болон газар, ургамал, хорио цээр, эрүүл ахуй, геологи, уул уурхайн зэрэг мэргэжлийн байгууллага хэрэгжүүлнэ.

55 дугаар зүйл.Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, түүнийг гаргах

1.Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргахыг газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа гэнэ.

2.Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг дараахь үзүүлэлтээр гаргана:

1/хөрсний үржил шимт үе давхаргын зузаан;

2/хөрсний ялзмагийн агууламж;

3/хөрсний бохирдолт, хордолт;

4/газрын гадаргын төрх байдлын өөрчлөлт;

5/ургамлын тусгац бүрхэвчийн өөрчлөлт;

6/бэлчээр, хадлангийн талбайн ургамлын зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлт.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үзүүлэлт дээр тухайн газрын онцлогийг харгалзан нэмж хэрэглэх үзүүлэлтийг Засгийн газар; газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны үзүүлэлтийг тодорхойлох аргачиллыг засгийн газрын эрх бүхий байгууллага тус тус тогтооно.

4.Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг Засгийн газраас эрх олгосон мэргэжлийн байгууллага хийж дүгнэлт гаргана.

5.Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг 5 жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд заавал хамруулах бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход энэхүү баталгааг гаргана.

6.Газрын төлөв байдал, чанарыг газар эзэмшигч, ашиглагч; бусдын ашиглалтад олгоогүй улсын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн тусгай хэрэгцээний газрын төлөв байдал, чанарыг Засгийн газрын эрх бүхий байгууллага болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга; бусад газрын төлөв байдал, чанарыг сум, дүүргийн Засаг дарга тус тус хариуцна.

7.Газар эзэмшигч, ашиглагч нь газрынхаа төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн хөрөнгөөр; анх удаа иргэн аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад олгож байгаа борлон бусад газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг улсын төвлөрсөн буюу орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

8.Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх ажлын үнэлгээг Засгийн газар тогтооно.

НАЙМДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ

[edit]

56 дугаар зүйл.Газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх

1.Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ:

1/төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж,байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны албан тушаалтан, байгууллага;

2/газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга;

3/газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу зохих мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан албан тушаалтан буюу зохих шатны Засаг дарга;

4/бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1,2,З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ.

3.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ашиглаж буй газартай холбогдон үүссэн маргааныг Монгол Улсын олон улсын гэрээ болон талуудын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

57 дугаар зүйл.Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоох

Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.

58 дугаар зүйл.Хохирлыг нөхөн төлүүлэх

1.Газарт хохирол учруулсан гэм буруутай этгээдэд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээсэн эсэхээс үл харгалзан уг хохирлыг өөрийн хүч хөрөнгөөр арилгах арга хэмжээ авах бөгөөд хэрэв мэргэжлийн байгууллагаар уг арга хэмжээг гүйцэтгүүлсэн бол үүнтэй холбогдон гарсан зардлыг бүрэн хариуцна.

2.Газарт нөхөн сэргээгдэшгүй хохирол учруулсан гэм буруутай этгээд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээсэн эсэхээс үл харгалзан уг газрыг засаж тохижуулахад шаардагдах хэмжээний зардлыг нөхөн төлнө.

3.Газарт учирсан хохирол мэдэгдэж байхад уг газрыг эзэмшилдээ шилжүүлэн авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь түүний өмнөх эзэмшигчтэй өөрөөр тохироогүй бол энэ хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгана.

59 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

1.Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд түүний гэм буруу, зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг харгалзан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

2.Газрын тухай хууль тогтоомж дараахь байдлаар зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурдсан шийтгэл ногдуулна:

1/албан тушаалтан албан ёсны баримт бичигт газар усны давхар нэр хэрэглэсэн, газар усны албан ёсны нэрийг монгол хэлнээс бусад хэлээр орчуулсан, бусад хэлний дуудлагаар галиглан бичсэн бол 2000 хүртэл төгрөгөөр торгох;

2/хашаа барих, хориглосон дохио тэмдэг тавих зэргээр тусгайлан хамгаалагдсан бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэн орсон, дайран өнгөрсөн бол 6000 хүртэл төгрөгөөр торгох;

3/бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх бүхий этгээдэд уг газрыг энэ хуулийн 4З дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зориулалтаар ашиглахад нь санаатайгаар саад учруулсан бол иргэнийг 10000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 75000 хүртэл төгрөгөөр торгох;

4/газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд заасан хугацаанд уг газрыг чөлөөлөөгүй бол иргэнийг 20000 хүртэл,байгууллага, аж ахуйн нэгжийг 95000 хүртэл төгрөгөөр торгох;

5/газар эзэмших, ашиглах тухай гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хугацаа дууссан гэрээний дагуу газрыг эзэмшиж, ашиглаж байгаа, эзэмшил, ашиглалтад байгаа газрынхаа төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хугацаанд нь хийлгээгүй бол иргэнийг 2000-30000, байгууллага, аж ахуйн нэгжийг 75000-100000 төгрөгөөр торгох;

6/нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахаар шийдвэрлэсэн газрыг хууль болон гэрээнд заасан хугацаанд нь чөлөөлөөгүй бол иргэнийг 6000-30000, байгууллага, аж ахуйн нэгжийг 95000-125000 төгрөгөөр торгох;

7/эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол иргэнийг 4000-40000, байгууллага, аж ахуйн нэгжийг 95000-150000 төгрөгөөр торгох;

8/эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, зөвшөөрөлгүйгээр газрыг ашигласан, захиран зарцуулсан бол тухайн газрыг чөлөөлүүлж хууль бусаар олсон орлогыг хурааж иргэнийг 50000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 250000 төгрөгөөр торгох;

9/газарт ноцтой хохирол учруулсан,энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 1,2,З; 5О дугаар зүйлийн заалтыг зөрчсөн бол иргэнийг 6ООО-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 төгрөгөөр торгох;

10/бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг эзэмшигч, ашиглагчтай нь тохиролцолгүйгээр ашигласан бол хууль бусаар олсон орлогыг хурааж иргэнийг 10000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-250000 төгрөгөөр торгох.

/Энэ зүйлд 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

60 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 1995 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ


This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.