Монгол Улсын Барилгын тухай хууль (1998)
/ЭНЭ ХУУЛИЙГ 2008 ОНЫ 2 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1998 оны 8 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
БАРИЛГЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
[edit]1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь инженерийн хийцтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, ашиглах, техникийн хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Барилгын тухай хууль тогтоомж
2.1.Барилгын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."зураг төсөл" гэж барилга байгууламжийг барих, засварлах, өргөтгөл, шинэтгэл хийхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгаа, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн баримт бичгийг;
3.1.2."барилгын үйлдвэрлэл" гэж барилга угсралт, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг;
3.1.3."барилгын материалын үйлдвэрлэл" гэж барилгын материалын эрдэс, түүхий эд олборлох, уурхай ашиглах, материал, бүтээц, эдлэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг;
3.1.4."инженерийн хийцтэй барилга байгууламж" гэж зохих барилгын норм, дүрмийн дагуу боловсруулсан ажлын зургаар эрх бүхий хуулийн этгээд барьсан бүх төрлийн барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээг;
3.1.5."барилгын норм, дүрэм" гэж барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталсан, барилгын салбарт заавал биелүүлэх шаардлага, мөрдөх зарчмыг агуулсан норматив, техникийн баримт бичгийг;
3.1.6."барилгын чанарын баталгаат хугацаа" гэж барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, найдвартай байдлыг барилгын гүйцэтгэгчээс хариуцах хугацааг;
3.1.7."барилгын техникийн нөхцөл" гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад шаардагдах дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрийн шийдэл, барилгын үйлдвэрлэлд тавих шаардлага болон байгаль орчин, эрүүл ахуй, гал түймрийн хяналтын албанаас авах зөвшөөрлийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ - БАРИЛГЫН ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
[edit]4 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
4.1.Улсын Их Хурал барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1.барилгын салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, барилгын тухай хууль тогтоомжийг батлах;
4.1.2.барилгын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
4.1.3.тусгай хамгаалалттай газар нутагт барилгын материалын эрдэс, түүхий эд ашиглах асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх;
4.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
5 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
5.1.Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1.барилгын талаархи төрийн бодлого, барилгын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
5.1.2.хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол барилгын үйлдвэрлэлд тухайн жилд гадаад орноос оруулж ажиллуулах ажиллагсдын тоо, ажиллах хугацааг тогтоох;
5.1.3.барилга байгууламж барих, ашиглахтай холбогдсон нийтлэг мөрдөгдөх журам батлах;
/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.1.4.Засгийн газрын шугамаар барилгын салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд зориулсан гадаадын зээл тусламжийн асуудлыг зохицуулан шийдвэрлэх.
6 дугаар зүйл.Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
6.1.Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.барилгын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
6.1.2.барилгын норм, дүрэм, барилгын төсвийн жишиг үнэлгээг батлах, стандарт хянах, мөрдүүлэх;
6.1.3.барилгын норм, дүрэм боловсруулах, шинэчлэх хөрөнгийн эх үүсвэрийг барилгын өртөгт тусгах замаар нормчлолын сан бүрдүүлэх, түүнийг зориулалтынх нь дагуу зарцуулах;
6.1.4.барилгын салбарт шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх, мэргэжлийн зэрэг, дэв олгох асуудлыг шийдвэрлэх;
6.1.5.барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгож байгаа байдалд хяналт тавих;
/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.1.6./Энэ заалтыг 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
7 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх
7.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.барилгын тухай хууль тогтоомж, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих;
7.1.2.барилга байгууламж барих газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл нь хууль тогтоомж, тухайн нутаг дэвсгэрийн газар эзэмшүүлэх, ашиглах, хамгаалах хөтөлбөр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэхийг хянаж, шаардлагатай гэж үзвэл энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэх.
7.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.2.1.энэ хууль болон дээд шатны байгууллагын барилгын талаархи шийдвэрийн биелэлтийг хангах;
7.2.2.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг газрын тухай хууль тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх;
7.2.3.энэ хуульд заасан тусгай зөвшөөрлийн хэрэгжилт, барилгын норм, дүрэм, стандарт, зураг төслийн биелэлтэд хяналт тавих;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
7.2.4.барилга байгууламжийн гадна тал, орчны тохижилтийн архитектур төлөвлөлтийн үндсэн шийдлийг гаргаж зохицуулах;
7.2.5.барилгын үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас барилгын тухай хууль тогтоомж хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;
7.2.6.барилга байгууламж, зураг төсөл, барилгын материал, хийц, эдлэхүүний чанар, найдвартай байдал, ашиглалтад хяналт тавих.
ГУРАВДУГААР БҮЛЭГ - БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ, ГЭРЭЭНД ТАВИХ ШААРДЛАГА
[edit]8 дугаар зүйл.Барилга байгууламжид тавих шаардлага
8.1.Барилга байгууламж нь дараахь шаардлага хангасан байна:
8.1.1.хүний ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлж, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх;
8.1.2.хот байгуулалт, архитектур төлөвлөлтийн шаардлага хангасан зураг төслийн дагуу баригдсан байх;
8.1.3.түүхий эд, материал, түлш, эрчим хүч, усны нөөцийг хэмнэлттэй ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байх;
8.1.4.шаардлагатай тохиолдолд иргэний хамгаалалтын арга хэмжээг тусгасан байх;
8.1.5.гудамж, талбай, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг зэрэг нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөтэй ашиглах нөхцөлийг хангасан байх;
8.1.6.усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан, дулаан, холбооны хэрэгсэл, байгалийн гэрэл ашиглах боломж хязгаарлахгүй байх;
8.1.7.дуу чимээ, доргио, утаа, хорт хий, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдлоос хүрээлэн байгаа орчныг хамгаалахад чиглэсэн байх;
8.1.8.стандарт тогтоогдоогүй шинэ материал, эдлэхүүнийг стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг үндэслэн үйлдвэрлэж, туршилтын журмаар хэрэглэх.
8.2.Барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно.
8.3.Барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа нэг жил байна.
9 дүгээр зүйл.Барилгын зураг төсөлд тавих шаардлага
9.1.Барилгын зураг төсөл дараахь шаардлага хангасан байна:
9.1.1.барилгын зураг төсөл нь зургийн даалгавар, зураг төсөл зохиох норм, дүрэм, эдлэхүүний цомог, тоног төхөөрөмжийн паспорт, эрх бүхий байгууллагаас олгосон газар эзэмших, ашиглах зөвшөөрөл, инженерийн шугам сүлжээнд холбох техникийн нөхцөлийн дагуу зохиогдсон байх;
9.1.2.барилгын норм, дүрэмд зааснаас өөрөөр зураг төсөл боловсруулах тохиолдолд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан байх;
9.1.3.нийтийн үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн зураг төсөл нь барилгын норм, дүрэмд заасны дагуу тулгуур эрхтний согогтой тахир дутуу хүний хэрэгцээг харгалзан боловсруулагдсан байx;
9.1.4.гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх, эсхүл архитектур төлөвлөлт, техникийн шийдлийн хувьд онцгойлон үзэх шаардлагатай барилга байгууламжийн зураг төсөл, инженер-геологийн төвөгшилтэй нөхцөлийн судалгааны ажлын тайланд улсын магадлан шалгалт хийгдсэн байх.
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
9.2.Энэ хуулийн 9.1.4-т заасан нь гадаадад болон гадаадын байгууллагатай хамтран боловсруулсан зураг төсөл, хот байгуулалтын баримт бичигт нэгэн адил хамаарна.
10 дугаар зүйл.Барилгын гэрээнд тавих шаардлага
10.1.Зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гэрээгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.
10.2.Барилгын гэрээг Иргэний хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн байгуулна.
10.3.Барилгын гэрээний үлгэрчилсэн загварыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтооно.
10-1 дүгээр зүйл.Ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
10-1.1.Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлнэ.
10-1.2.Тусгай зөвшөөрөл олгох асуудлаар мэргэжлийн хяналтын алба, эрдэм шинжилгээний байгууллага, барилгын чиглэлийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй комисс урьдчилан дүгнэлт гаргаж барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад танилцуулна.
10-1.3.Тусгай зөвшөөрлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 101.2 дахь хэсэгт заасан дүгнэлтийг үндэслэн олгоно.
10-1.4.Комисс нь дүгнэлтээ гаргахдаа тусгай зөвшөөрөл хүссэн байгууллага, аж ахуйн нэгжийн мэргэжлийн боловсон хүчин, ажлын туршлага, ажил үйлчилгээ явуулахад шаардлагатай машин механизм, техник, технологи, багаж хэрэгсэл, норматив техникийн баримт бичгийн бүрдэлт, бүтэц, зохион байгуулалт зэргийг харгалзан үзнэ.
10-1.5.Комиссын бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
10-1.6.Цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 метрээс дээш өндөр байгууламж, 60 метрээс дээш алгасалтай буюу 13-аас дээш давхар барилгын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг зөвхөн тухайн обьектын хүрээнд олгоно.
10-1.7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлж, техник технологи, мэргэжлийн ажиллах хүчин, ажил үйлчилгээний чанарын хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, шаардлагыг хангасан байна гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг ажлын 21 хоногийн дотор сунгана.
/Энэ зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - БАРИЛГЫН ЗАХИАЛАГЧ, ГҮЙЦЭТГЭГЧ, МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ, ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
[edit]11 дүгээр зүйл.Барилгын захиалагчийн эрх, үүрэг
11.1.Барилгын захиалагч нь Иргэний хуульд заасан эрх, үүргээс гадна дараахь эрх, үүрэгтэй:
11.1.1.барилга байгууламж барихтай холбогдсон газрын зөвшөөрөл, холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн нөхцөл бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэх;
11.1.2.барилгын явц, чанарт холбогдох мэргэжилтэн буюу зохиогчоор хяналт тавиулж, далд ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах;
11.1.3.барилга байгууламж барих талбайг чөлөөлөхтэй холбогдсон зардлыг хариуцах;
11.1.4.барилга байгууламж барих, шинэчлэх, засварлахтай холбогдон гудамж, зам, талбай сэтлэх, шугам сүлжээ холболт хийх, мод, цэцэрлэгжүүлэлтийг түр зайлуулбал нөхөн сэргээх ажил, үүнд шаардагдах зардлыг хариуцах;
11.1.5.барилга байгууламж барихаар олгогдсон газрыг тохижуулах.
12 дугаар зүйл.Барилгын гүйцэтгэгчийн эрх, үүрэг
12.1.Барилгын гүйцэтгэгч нь Иргэний хуульд заасан эрх, үүргээс гадна дараахь эрх, үүрэгтэй:
12.1.1./Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
12.1.2.барьж байгаа барилга байгууламжийг болзошгүй байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас хамгаалах бүх талын арга хэмжээ авах, барилга байгууламж барих, шинэчлэх, засварлах явцад байгаль орчин, эрүүл ахуй, гал түймрийн хяналтын албанаас гаргасан хууль ёсны шаардлага, шүүмж дүгнэлтийг биелүүлэх;
12.1.3.энэ хуулийн 6.1.3-т заасан зардлыг барилгын өртөгтөө тусган нормчлолын санд шилжүүлэх;
12.1.4.барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн зөрчил илэрвэл өөрийнхөө хөрөнгөөр зөрчлийг арилгах;
12.1.5.барилга байгууламж барих, шинэчлэх, засварлахтай холбогдон гудамж, зам, талбай сэтлэх, шугам сүлжээ холболт хийх, мод, цэцэрлэгжүүлэлтийг түр зайлуулбал эдгээрийг бүрэн буцаан сэргээх.
12.2.Барилга байгууламжийг зураг төсөлгүйгээр барихыг хориглоно.
13 дугаар зүйл.Зураг төсөл зохиогчийн эрх, үүрэг
13.1.Зураг төсөл зохиогч нь Иргэний хуульд заасан эрх, үүргээс гадна дараахь эрх, үүрэгтэй:
13.1.1.зохих зөвшөөрлийн үндсэн дээр зураг төсөл боловсруулах ажил, үйлчилгээ эрхлэх;
13.1.2.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу зураг төсөл боловсруулах;
13.1.3.барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих;
13.1.4.гүйцэтгэгч, захиалагчийн хүсэлтээр зурагт өөрчлөлт оруулах;
13.1.5.зураг төслийг зөрчсөн тохиолдолд шаардлагатай бол түүнийг залруулахыг шаардах буюу ажлыг бүрэн зогсоох талаар барилгын техник хяналтын байгууллагад мэдэгдэх.
14 дүгээр зүйл.Барилгын материал үйлдвэрлэгчийн эрх, үүрэг
14.1.Барилгын материал үйлдвэрлэгч нь бусад хууль тогтоомжид заасан эрх, үүрэг хүлээхээс гадна дараахь эрх, үүрэгтэй:
14.1.1.стандарт, зураг төслийн шаардлага бүрэн хангасан бүтээгдэхүүн, эдлэхүүний үйлдвэрлэл явуулах;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
14.1.2.зохих журмын дагуу барилгын үйлдвэрлэлийн хэрэгцээт эрдэс, түүхий эд олборлох, боловсруулах, орд газрыг ашиглах;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
14.1.3.хууль тогтоомжид нийцүүлэн орд газрын ашиглалтын явцад нөхөн сэргээлт хийх;
14.1.4.шаардлагатай гэж үзсэн буюу захиалагч, гүйцэтгэгчийн шаардлагаар, эсхүл үйлдвэрлэсэн барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүнийх нь чанарт доголдол илэрсэн тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагаар магадлан шалгалт хийлгэж баталгаажуулах.
ТАВДУГААР БҮЛЭГ - БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТ
[edit]15 дугаар зүйл.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах
15.1.Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах үйл ажиллагааг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмээр зохицуулна.
15.2.Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссыг улс, бүс нутаг, орон нутгийн ач холбогдол, үйлчлэх хүрээнээс нь хамааруулж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга томилно.
15.3.Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссыг барилгын техник хяналтын улсын байцаагч толгойлж болох бөгөөд комиссын бүрэлдэхүүнд байгаль орчин, эрүүл ахуй, гал түймрийн хяналтын албаны төлөөлөгч орно.
15.4.Барьж дуусаагүй буюу дууссан боловч комисс ажиллаж ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.
16 дугаар зүйл.Барилга байгууламжийг ашиглах
16.1.Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга байгууламжийг ус, агаар, хөрсний бохирдлоос сэргийлэх, хот байгуулалт, ашиглалтын дүрмийн шаардлагын дагуу ашиглана.
16.2.Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга, байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр бүтээц, зохиомжийг нь өөрчлөх, тухайн барилга байгууламж дотор хуулиар хориглосон байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
16.3.Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга байгууламжийн ашиглалтын явцад эдэлгээний байдалд ашиглалтын дүрмээр заагдсан хугацаанд үзлэг, шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгах, шаардлагатай тохиолдолд барилга техник хяналтын байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авч ажиллана.
16.4.Барилга байгууламжийн ашиглалтын явцад ноцтой эвдрэл, гэмтэл учрах, нурах тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хэн буруутай нь хариуцлага хүлээнэ.
16.5.Барилга байгууламжийн ашиглалтын дүрмийг Засгийн газар батална.
17 дугаар зүйл.Барилгын баримт бичгийг хадгалах
17.1.Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга байгууламжийн ашиглалт, өргөтгөл, шинэтгэл, их засварын тухай хувийн хэрэг хөтөлнө.
17.2.Захиалагч нь ашиглалтад оруулсан барилга байгууламжийн газрын зөвшөөрөл, тэг тэнхлэг таталтын акт, зураг төсөл, ил, далд ажлын гүйцэтгэлийн акт, барилгын ажлын чанар, явцад зохиогч болон барилгын техник, байгаль орчин, эрүүл ахуй, галын аюулаас хамгаалах хяналтын албанаас өгсөн шүүмж дүгнэлт, барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн тухай бичиг баримтыг барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш 2 сарын дотор барилгын баримт бичгийн төвд өгч хадгалуулна.
17.3.Барилга байгууламжийн зураг төсөл, бичиг баримтыг тухайн барилга байгууламжийг ашиглах хугацаагаар хадгална.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ - БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ТАВИХ ТЕХНИКИЙН ХЯНАЛТ
[edit]18 дугаар зүйл.Барилгын техникийн улсын хяналтыг хэрэгжүүлэх байгууллага
18.1.Барилга байгууламжид тавих техникийн хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллах барилгын техникийн хяналтын улсын ерөнхий, ахлах байцаагч болон улсын байцаагч, аймаг, нийслэлийн хэмжээнд тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч тус тус хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
18.2.Барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан эрх, үүргээс гадна доорхи чиглэлээр хяналт шалгалтыг явуулж бүрэн эрхээ хэрэгжүүлнэ:
18.2.1.шинээр барьж байгаа барилга байгууламж, тэдгээрийн шинэчлэл, их засварын ажлын чанар;
18.2.2.барилгын материал, түүхий эд, эдлэхүүний чанар;
18.2.3.хот байгуулалтын баримт бичиг, зураг төслийн хэрэгжилт;
18.2.4.барилга байгууламжийн ашиглалт;
18.2.5.өргөх байгууламж /0,1 тонноос дээш даацтай цахилгаан шат, 3 тонноос дээш даацтай, машинчийн бүхээг бүхий кран, /-ийн угсралт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа;
18.2.6.барилга, байгууламжийн зураг төсөл, инженер геологийн судалгааны ажлын чанар;
18.2.7.барилга байгууламжийн нуралт, эвдрэл, өргөх байгууламжид гарсан ослын шалтгаан;
18.2.8.барилга байгууламж, өргөх байгууламжийн улсын бүртгэл;
18.2.9.барилгын ажлын гүйцэтгэлийн магадлан шалгалт;
18.3. Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг түүний дээд шатны улсын байцаагч хянан шийдвэрлэнэ. Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн шийдвэр үндэслэлгүй байвал түүнийг дээд шатны улсын байцаагч хүчингүй болгоно. Барилгын техникийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ.
18.4.Барилга техникийн улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална.
ДОЛДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ
[edit]19 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
19.1.Барилгын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч буюу барилга техникийн хяналтын улсын байцаагч дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ:
19.1.1.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил, үйлчилгээг зохих зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн иргэнийг 10000-20000 хүртэл, албан тушаалтныг 20000-50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 хүртэл төгрөгөөр торгох;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
19.1.2.энэ хуулийн 8.1; 8.2; 9.1; 10.1; 10.2; 11, 12 дугаар зүйл 13.1; 14.1-д заасан үүргийг биелүүлээгүй иргэнийг 10000-40000 хүртэл, албан тушаалтныг 20000-50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 хүртэл төгрөгөөр торгох;
19.1.3. энэ хуулийн 15.4; 16.1; 16.2; 16.3; 17-д заасныг зөрчсөн иргэнийг 10000-40000 хүртэл, албан тушаалтныг 20000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 хүртэл төгрөгөөр торгох.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |